Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас долоо хоног бүрийн бямба, ням гарагт “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулж байгаа. Энэ долоо хоногийн хувьд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Жаргалтай инээмсэглэл” амралтын өдрийн үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж, хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг есөн дүүргийн 70 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар оролцож байна.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын Сургалт, судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын есөн дүүргийн салбар төвүүд үзэсгэлэн, арга хэмжээний хүрээнд загварын шоу, бүтээгдэхүүний танилцуулга, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн цар тахлын дараах эрчимжүүлэх үед ямар асуудлыг дэвшүүлж, ямар өөрчлөлтийг хийж болох вэ гэдэгт богино хэмжээний лекц танилцуулна. Өнөөдрийн худалдаанд дотоодын түүхий эдийг бүрэн ашигласан, эко бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа. Мөн хувцас төрөл төрлөөрөө гарсан байна. “Амралтын өдрийн худалдаа”-ны үеэр “Хамгийн хамгийн...” буюу шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна. Ингэхдээ зөвхөн худалдаа эрхлэгчид бус, өнөөдрийн арга хэмжээг дэмжин хамгийн гоё зураг авхуулсан хүүхэд багачуудын дунд “Хамгийн хамгийн”-ыг шалгаруулж зургаадугаар сарын 1-нд бэлэг өгнө. Иймд та бүхэн Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын пэйж хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, худалдаанд идэвхтэй оролцоорой” хэмээлээ.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Амралтын өдрийн худалдаа”-нд үндэсний загвар, шинж тэмдгийг агуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн, хувцас, эко бүтээгдэхүүнтэй оролцож буй бөгөөд тэд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд төлбөр хураамж авахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буйд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Нийслэлийн Засаг даргын захирамж, “Иргэний жил”-ийн хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа, үйлчилгээ чөлөөтэй эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд “Амралтын өдрийн худалдаа”-г зохион байгуулж буй. Үзэсгэлэн, худалдааны үеэр хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдаалж байгаа юм.