Цаг үеийн мэдээ

Бахрейны Манама хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ( эрэгтэйчүүдийн 50 дахь, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн) эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд манай Энхбаатарын ЭНХТАМИР огцом өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ.

Энхтамир огцомд ( 86, 89, 92) 92 кг-ийг өргөсөн бол алтан медаль хүртсэн Вьетнамын туйванч 93 кг-ийг огцомдлоо.

Түлхэлттэй өргөлтөд Э.Энхтамир эхний захиалгаа 106 кг -ийг өргөсөн. Дараа нь 112 кг-ийг захиалсан ч хоёр оролдлого хийгээд амжилттай болсонгүй. Ингээд нийлбэр дүнгээр ( 92+106 ) 198 кг-ийн амжилт үзүүллээ.

Түлхэлттэй өргөлт болон нийлбэрээр хараахан медальд хүрэх боломжгүй болсон ч Монголын багийн "салхийг хагалж", Азийн аваргын мөнгөн медаль хүртлээ, Э.Энхтамир.

Манай бусад туйванчид маань аравдугаар сарын 12-нд 71 кг-ийн жинд Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Г.Ануужин, аравдугаар сарын 13-нд 76 кг-ийн жинд Д.Дархижав, аравдугаар сарын 14-нд  -87 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга М.Анхцэцэг дэвжээнд гарах юм.

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

Таны сурталчилгаа