Жүдо бөхийн Бакугийн Гранд Слам өчигдөр/2022.11.04/ эхэллээ. Монгол Улсаа төлөөлөн нийт 18 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр хоёр медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн -60 кг-д өрсөлдсөн Б.Цогт-Очир хэсэгтээ Израилийн Матан Коколаевыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Азербайжаны Балабай Агаевд ялагджээ. Улмаар дагах барилдаанд Узбекистаны Дилшодбек Баратовыг, хүрэл медалийн төлөө мөн тус улсын Кемран Нуриллаевыг тус тус ялжээ.
Эмэгтэйчүүдийн -52 кг-д Л.Сосорбарам хэсгээ тэргүүлэн хагас шигшээд Узбекистаны Сита Кадамбоеваг ялжээ. Ийнхүү алтан медалийн төлөө Диёора Келдиёороватай учраа таарсан ч торгуулиар ялагдал хүлээжээ.