Зургийг: Kanako Onishi
Бүх Япон улсын сүмо сонирхогч, сүмогоор хичээллэгч хүүхдүүдийн дунд зохиогддог Wanpaku өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Япон улсын Токио хотноо сүмогийн төв ордонд 10-р сарын 29, 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Энэхүү тэмцээнийг JCI Tokyo салбар байгууллагаас 37 дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд Монгол улсаас JCI Central салбар байгууллагын дэмжлэгтэйгээр 7 дахь жилдээ Монгол хүүхдүүд маань амжилттай оролцоод ирлээ. JCI Central салбар байгууллага 2016 оноос хойш жил бүр Wanpaku өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд тэмцээнд амжилт үзүүлж түрүүлсэн хүүхдүүд Токио хотод зохион байгуулагддаг Wanpaku тэмцээнд оролцох эрхтэй болдог билээ.
Энэ жил өмнөх жилүүдээс цар хүрээг нь тэлж гурван насны ангилалд 1, 2-р байр эзэлсэн 5 хүүхэд Манга гар зургийн уралдаанд түрүүлсэн 1 хүүхэд дасгалжуулагчийн хамт тэмцээнд оролцож Токио хоттой танилцаад ирлээ.
Оролцсон хүүхдүүд дараах амжилтуудыг үзүүллээ.
6-р ангийн ангилалд Тэмүүжиний Чилүүгэн Комүсүби цол шилдэг 8-д үлдэж
6-р ангийн ангилалд Сүхтогоогийн Анхбаяр 1-ийн даваанд өвдөг шороодсон бол
5-р ангийн ангилалд Өлзийхишигийн Хашмаргад шилдэг 16-д шалгарч
5-р ангийн ангилалд Цогбадрахын Бямбабаяр 2 давсан
4-р ангийн ангилалд Ууганбаярын Төгс-Ирээдүй 2 давсан амжилтыг тус тус үзүүлжээ.