Германы шүүх 97 настай эмэгтэйд Холокостын ажиллагаанд оролцсон хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноолоо. Ирмгард Фюрчнер одоогийн Польшийн Штутхоф хорих лагерьд нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Прокурорууд Фюрчнерыг хорих лагерийн комендантын захидал харилцааг зохицуулах, захиргааны бусад үүргийг гүйцэтгэж байхдаа 65,000 хүн амиа алдсан хорих лагерийн ажилд хувь нэмэр оруулсан гэж үзжээ.
Өмгөөлөгч нар түүнийг тэнд болсон аллагын талаар огт мэдээгүй гэж мэдэгджээ. Шүүхийн шийдвэрээр Фюрчнерын зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэхгүйгээр шийдсэн байна. Шүүх хурлын төгсгөлд тэрээр харамсаж буйгаа анх удаагаа илэрхийлжээ.
2021 оны есдүгээр сард, процесс эхлэхээс өмнө тэрээр асрамжийн газраас зугтан нуугдахыг оролдсон. Тэрээр цагдаа нараас хэдэн цагийн турш нуугдаж чадсан ч эцэст нь ойролцоох Гамбургт саатуулагдаж, тав хоног баривчлагдсан байна.
Түүний өмгөөлөгчид шүүх хурлын үеэр гаргасан нотлох баримтууд нь түүнийг хүн амины хэргийн талаар мэдэж байсан гэх үндэслэл хангалтгүй гэж үзэн цагаатгах хүсэлт гаргасан. Ирмгард Фюрчнер 1943-45 оны хооронд Польшийн эзлэгдсэн Штутхоф хорих лагерт командлагч Пол Вернер Хоппегийн албанд ажиллаж байжээ. Тухайн үед тэр 18-19 настай байсан тул түүний хэргийг насанд хүрээгүйчүүдийн шүүх авч үзсэн байна. Учир нь тэр үед Германд энэ насыг өсвөр нас гэж үздэг байжээ.
Одоогийн Гданьскийн ойролцоо байрлах хорих лагерьд еврей хоригдлууд, Польшийн партизанууд, Зөвлөлтийн цэргийн олзлогсод зэрэг 65,000 орчим хүн нас барсан гэж прокурорууд мэдэгдсэн. Хавтаст хэрэгт дурдсан баримтаас үзвэл тэрээр SS-ийн (schutzsaffel) офицерын захиалгыг сонсож бичиж, захидал харилцааг нь явуулдаг байжээ. Прокуроруудын үзэж байгаагаар шүүгдэгчийн ажил нь баазын тасралтгүй ажиллагааг хангаж, энэ ажлын бүх нарийн ширийн зүйлийг мэдэх боломжтой байсан гэж үзсэн юм.
Прокурор Макси Вантзен түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах хугацаа шаардсан бөгөөд энэ нь Фюрчнерийг шоронд хорих шаардлагагүй хамгийн дээд хугацаа юм.
Вантзен хэлэхдээ, яллагдагч нас ахисан хэдий ч түүний шүүх хурал чухал хэвээр байна, учир нь амьд үлдсэн сүүлчийн хүмүүсээс байгалийн шалтгаанаар аажмаар нас барж байгаа тул тэднээс гэмт хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч үлдэх шаардлагатай байна хэмээн хэлжээ.
Сүүлийн жилүүдэд үүнтэй төстэй хэд хэдэн хэргийг шүүгдэгч нар нас барсан эсвэл шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Эх сурвалж: BBC