Цаг үеийн мэдээ

Оросын арми Соледарыг өөрийн мэдэлд бүрэн авснаа зарлажээ. Уг жижиг хот нь баруун өмнөд хэсэгт байрлах Бахмут хотыг хамгаалах Украины бэхлэлт юм. Украины Зэвсэгт хүчин Оросын мэдэгдлийг худал гэж үзэж, Соледарын төлөөх тэмцэл үргэлжилж байна гэж мэдэгдсэн байна.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенковын хэлснээр, Оросын цэргүүд 1-р сарын 12-ны орой Соледар хотыг эзэлсэн байна. Түүний хэлснээр, энэ нь Бахмут дахь Украины цэргүүдийн хангамжийн замыг таслах, "дараа нь тэнд үлдсэн Украины Зэвсэгт хүчний ангиудыг бүслэх" боломжийг олгож байгаа юм.

Хоёр хоногийн өмнө Соледарыг эзэлж авсан тухай хөлсний цэргүүд нь энэ чиглэлийн тулалдаанд идэвхтэй оролцож буй Вагнер хувийн цэргийн компанийн удирдагч Евгений Пригожин зарласан байна. Гэвч дараа нь түүний үгийг Украин ч, Оросын цэргийнхэн ч батлаагүй байна.

Украины Зэвсэгт хүчний Зүүн бүсийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Череватый ВВС-д хэлэхдээ, "Хотод тулаан үргэлжилж байна, Украины цэргүүд Соледараас гарсан гэсэн мэдээлэл худал" хэмээн мэдэгджээ.

"Бид дайчдын тактикийн байр суурийг илчлэхгүйн тулд нарийн зүйлийг ярьдаггүй. Дайсны хүчин энэ чиглэл рүү хамгийн их хүчээ илгээсэн учраас илүүрхэж байна. Гэвч манай цэргүүд хотод тулалдсаар байна" гэж тэрээр хэлжээ.  Өмнө нь барууны тагнуулууд Соледарыг Оросын арми эзэлсэн гэх баримтыг батлаагүй байсан ч Америкийн Дайны Судлалын Хүрээлэн (ISW) сүүлийн тайландаа энэ нь үнэн байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

"Оросын цэргүүд Соледар хотыг бүхэлд нь биш юмаа гэхэд ихэнхийг нь хянаж байгаа бөгөөд Украины цэргүүдийг хотын баруун захаас шахан гаргаж чадсан бололтой" гэж тайланд дурджээ. 12-р сарын сүүлээс хойш үргэлжилж буй Соледарын төлөөх тулалдаанд Евгений Пригожиний Вагнер хувийн цэргийн компанийн хөлсний цэргүүд болон хуучин хоригдлууд идэвхтэй оролцож байна. Пригожин хэлэхдээ зөвхөн түүний дайчид хотын төлөөх тулаанд оролцож байна гэж хэлжээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны баасан гарагийн мэдэгдэл энэ хувилбартай зөрчилдөж байна.  Конашенков Соледарыг авах ажиллагаанд агаарын десантын цэргүүд оролцсон тухай ярьсан бөгөөд түүний хэлснээр "өөр чиглэлээс далд маневр хийж, Украины Зэвсэгт хүчний байрлал руу амжилттай довтолж, командлалын өндөрлөгүүдийг эзэлж, хотыг хойд ба өмнөд талаас нь бүсэлсэн тухай” хэлжээ.

Конашенковын мэдэгдэлд Соледар руу дайрсан Оросын бусад ангиуд болох довтолгооны болон армийн нисэх хүчин, пуужингийн цэрэг ба их буу, агаарын довтолгооноос хамгаалах хүчин оролцож буйд анхаарлаа хандуулсан. Харин Конашенковын мэдэгдэлд "Вагнер" хувийн цэргийн компанийн Соледарыг эзлэх ажиллагаанд оролцсон талаар нэг ч үг дурдагдаагүй байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа