Узбекистанд болж байгаа сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өнөөдөр явагдаж байна. Финалын тулаанууд 13, 14-нд болно.
Манай хоёр боксчин уржигдар медалийн төлөө тулалдаж, хоёулаа ялалт байгуулж, хүрэл медалийн болзлоо биелүүлсэн. 67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт Алжирын Х.Крамауг 5:2, Армений Г.Мадояныг 4:3, медалийн төлөөх тулаанд Венесуэлийн Кристиан Паласиог ялсан билээ.
Б.Мишээлт өнөөдөр мөнгөн медалийн төлөө Узбекистаны Асадхужа Муйдинхужаевтай өрсөлдлөө. 22 настай Асадхужа том тэмцээнд түрүүлж байгаагүй ч 1/8 финалд Кубын олимпын хошой аварга, дэлхийн аварга Роньель Иглесиас Сотолонгог ялсан тамирчин.
Тулаан манай тамирчны довтолгоогоор эхэлсэн ч аажимдаа Узбек тамирчин давамгайлж эхлэн, эхний 2 үеийг Асадхужа Муйдинхужаев таван шүүгчийн санал нэгтэй 18:20 тэргүүлсэн. Сүүлийн үед оноогоо нөхөх гэж дайрсан ч амжсангүй 0:5 ялагдал хүлээлээ. Ийнхүү Б.Мишээлт ДАШТ-ээ хүрэл медальтай өндөрлүүллээ.
Алтан медалийн төлөө Асадхужа Муйдинхужаев Казахстаны Дулат Бекбауовтой тулалдана.