Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкентэд боллоо. Сүүлийн өдөр буюу өнөөдөр “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг 63.5 кг-ын жинд мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр Ташкентийн рингэнд Австралийн Маклери, Камеруны Мохамед Оумароу, Конгогийн Мбайя Мулумбаг 5:0-ээр, Кубын Ласаро Альварес Эстрада, Тажикистаны Баходур Усмоновыг 4:1-ээр тус тус ялж финалд шалгарсан. Алтан медалийн төлөөх тулаанд 2022 оны Азийн аварга, эзэн орны 21 настай боксчин Руслан Абдуллаевт 0:5-аар ялагдсан.