Бид энэ удаагийн "Хөрөг" нэвтрүүлэгтээ Боксын спортоор 2005 оноос хойш тасралтгүй 18 жил хичээллэж, 2023 оны боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 63.5 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Алдар спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзоригийг урьж боксын спорттой хэрхэн яаж холбогдсон болон түүний амжилт, хувь хүний үзэл бодол, амьдралын зорилгын талаар хэсэгхэн хором ярилцлаа.
Түүний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцож, гурван удаа медалийн төлөө тулалдаж эцэст нь арваад жилийн хөдөлмөрөөр энэхүү мөнгөн медалийн эзэн болсондоо маш их баяртай аз жаргалтай байгаагаа мишээл дүүрэн ярьж байлаа. 2005 онд 14 настайдаа Алдар, спорт хороонд анх сагсан бөмбөгөөр хичээллэх гэж ороод боксын спортыг сонгосон гэнэ. Түүний хамгийн сайн найз Гансүх тухайн үед боксоор хичээллэдэг байж. Найзыгаа тэмцээнд орох гээд жингээ хасаж, заалаа тойрч гүйж, хөлсөө гаргаж байхыг хараад түүнд сонирхолтой санагдаж, өөрийгөө сорьж үзэхээр боксын дугуйланд явж эхэлсэн аж. Тэрээр " боксын спортоор хичээллэх авьяас надад байсан гэж боддог хэмээн яриагаа эхэллээ.
Анх боксын спортыг сонгосон тухайгаа дурсвал?
Одоо ингэж хэлэхээр найз маань гомдоод байдаг юм. Би гурван сар хичээллэж эхлээд найзыгаа зодоод эхэлсэн. /инээв/ Боксын спортоор хичээллэж энэ замыг сонгосондоо маш их баярладаг. Эргээд харахад зөв замаа сонгож, зөв зүйлээ хийж яваа гэж боддог" хэмээн тэрээр бага насныхаа тухай дурссан юм.
"Өөрийгөө болчихлоо, би мундаг гэж бодож эхэлсэн цагаасаа хүн алдаж эхэлдэг"
Хүн насан туршдаа суралцдаг гэдэг шиг. Өөрийгөө цаг ямагт сайжруулахыг хичээдэг. Боксын спортын ур чадварын хувьд ч тэр, зан төлөв байдлын хувьд ч тэр, илүү их ном унших юмсан, англи хэлний мэдлэгээ дээшлүүлчихсэн юмсан гэж байнга боддог. Өнөөдөр л хамгийн сайнаараа чадах бүхнээ хийх нь миний баримталдаг зарчим. Гэхдээ ирээдүйд юу болохыг 100 хувь хэлж мэдэхгүй. Хувь заяа хаашаа ч эргэж магадгүй учраас бүх зүйлд бэлэн өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг өнөөдөр хийх хэрэгтэй. Боксын спортоор хичээллэх хугацаанд олж авсан хамгийн том зүйл маань сахилга бат, тууштай байдал гэж боддог. Аливаа зүйлийг хийхэд уналт, бүтэлгүйтэлгүй үе гэж байхгүй. Орвонгоороо эргэсэн бүтэлгүйтэл ч байж магадгүй. Түүнийг ард тууштай байж гарна. Тэрний төлөө сахилга баттай байна гэдэг бол зорилго, мөрөөдөлдөө хүрэх цорын ганц алхам. Энэ зүйлийг өөртөө суулгаж авсан нь миний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл гэв.
"Гэр бүлийнхэн маань надад эрх чөлөө олгодог"
Анх боксоор хичээллэхэд аав ээж хоёр маань миний хүү дуртай байгаа бол яваа л гэсэн. Хэдэн эгч нар маань ёстой тийм юм байхгүй. Хөхөрнө, шалбарна, бараг тэнэг болно гэж эсэргүүцэж байсан. Гавьяат тамирчин Үйтүмэн ахын нэрэмжит тэмцээн оролцож, хүрэл медаль авч байсан. Тэр үеэс бүгд урамшиж, намайг дэмжиж эхэлсэн. Эгч нар маань намайг өсөхөд хамт байсан болохоор анхаарал халамжаар дутаадаггүй байсан. Тэмцээнд ороход их ичдэг байсан. Манай эгч нар миний тоглолтыг ирж үздэг. Тоглолтоо дуусгаад гараад ирэхээр тал талаасаа алчуур, салфетка бариад орилолдоод дайрчихдаг байсан. Найз нөхөд, багш нар маань их шоолдог байсан. Айлын эрх хүүхэд гээд. Манай гэр бүлийнхэн миний сонголтыг маш сайн дэмждэг. Тиймдээ ч олон сонголт хийж, алдаж онож үзэж. Эргээд алдаа нь дээрээ суралцаж, хөгжсөн болов уу гэж боддог.
"Хүнтэй суу, оройтлоо гэж хүнийг шахаж, шаардах нь бүдүүлэг хэрэг"
Гэр бүл гэж аз жаргалтай тэнцвэртэй амьдралыг хэлдэг байх. Халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийг хүсдэг. Хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх. Эмэгтэй хүн юу хүсдэг тухайн хүний хувийн орон зайг хүндэлж, цаг гаргаж өгөх зэрэг бүх зүйлд тэнцвэртэй байхыг хүсдэг. Хүнтэй суу оройтлоо гэж хүнийг шахаж, шаардах нь бүдүүлэг хэрэг. Нээрээ би оройтчихлоо гээд хэнтэй ч хамаагүй суух юм уу. Өөрийгөө ч мэдээгүй, төлөвшиж амжаагүй хүнтэй сууна гэдэг амжилтгүй харилцаа үүсэх цаашлаад гэр бүл салалт гэдэг зүйл үүснэ. Хариуцлагаа ухамсарлаж, тэр бүх зүйлд бэлэн үедээ суух нь хамгийн зөв.
"Монгол улсад тамирчин болж төрсөндөө баярладаг"
Миний хийж байгаа зүйлээр намайг таньж, гаргасан амжилтад минь баяр хүргэнэ гэдэг бол миний хувьд талархмаар зүйл. Зарим хүнд хүмүүсийн итгэлийг даана гэдэг өөрт дарамттай санагддаг байх. Миний хувьд надад амжилт сайн сайхныг хүсэж байна гэдэг үүднээс талархаж хүлээж авдаг. Есдүгээр сард Хятад улсад Азийн наадам болно. Манай боксын спорт оноо цуглуулдаггүй. Медаль авсан, эхний 4, 5-р байрт орсон гэх мэт болзол хангаж ордог. Хамгийн эхэнд олимпын эрхээ авч, олимпод оролцох зорилготой байгаа. Тамирчид маань нэг олимп, нэг дэлхийн аваргаас медальгүй ирсэн. Үүгээрээ боксын спорт доошоо унаж байгаа нь үнэн. Ямар ч зүйл хөгжлийнхөө хэрээр унаж, босдог. Гэхдээ үүний ард маш олон хүн хичээж байгаа. Дараагийн олимпод эмэгтэй анхны медаль, эрэгтэйчүүд нь амжилтуудаа улам ахиулахын төлөө тамирчид маань чадах бүхнээ л хийнэ. Амжилт гэдэг үр дүнг гаргахын тулд нэг хүний ард олон хүний хүч хөдөлмөр сэтгэл шингэж байдаг гардаг зүйл. Монгол улсад тамирчин болж төрсөндөө баярладаг. Манай ард түмэн спортод их хайртай, дуртай, маш сайн дэмждэг улс.