Та өөрийгөө манай үзэгчдэд танилцуулна уу.
Сайн байна уу? Намайг Мөнхшүр гэдэг. 30 настай, хувцас дизайнер, хувцасны зураач мэргэжилтэй.
Анх маск хийх санаа хэрхэн төрж байв
Анх ковидын үед нэг удаагийн маск зүүх биш өөртөө дулаахан масктай болъё гэж бодоод анх хийж байсан. Тэгээд санаандгүй байдлаар зургаа оруулаад анхны захиалгаа авч байсан.
Яагаад арьсаар маск хийх болсон бэ?
Тэр үед гадуур ковидтой байсан. Хүн бүр нэг удаагийн маск зүүдэг. Тэр нь маш их цантана бас дааруулна. Тэгээд өөрөө дулаахан масктай болъё гэж бодоод өөртөө арьсаар хийж үзсэн. Тэгэхэд арьсаар хийсэн маск нь цанталт маш бага бас ороолтноос илүү дулаахан байсан. Тэр үед өвөл байсан болохоор аль болох цоолбор багатай билүү хийдэг байсан. Дараа нь маскаа зун зүүхэд маш халуун бас хөлрөөд байсан /инээв/. Зун өвөл гэдгээсээ шалтгаалаад маскныхаа цоолборыг их бага хэмжээгээр хийдэг болсон.
Маскныхаа загварыг хэрхэн гаргадаг вэ? Хэр хугацаанд хийж байна вэ?
Маскныхаа санааг дэлхийн маскны загварын зургуудаас санаа авч хийдэг. Бас одоогийн залуусын стиль, жанр мөн яг ямар загвар зонхилж байна гэх зэрэг судалгаанаас харж байгаад бүтээлтэйгээ хослуулж хийдэг.
Ямар чиглэл загвараар бүтээлээ хийдэг вэ?
Анх бол готик хэв хаягт зориулж хийж байсан. Одоо бол хүмүүс зөвхөн готик гэхээс илүү бүхий л хувцсан дээр тохиромжтойгоор хийлгэдэг болсон. Мөн насны хязгаар гэж байхгүй 10 настай хүүхдээс 70 настай хүн хүртэл авдаг учраас насны хязгаар байдаггүй.
Масканд ашигладаг түүхий эд нь юу вэ?
Түүхий эдийн хувьд монгол ямаа болон үхрийн арьсаар хийдэг. Будагны хувьд будагтай арьсыг сонгож авдаг. Мөн маскныхаа дотор талыг нь буддаг. Яагаад гэвэл зориулалтын будгаар будвал хүний нүүрийг хатгахгүй, дотор тал нь толигор болдог. Маскны гадна талд байдаг фосфортлодог будгийн хувьд байгалийн гаралтай уран зургийн будгууд байдаг учир хүний биед харшлахгүй, хурдан хатдаг, ямар нэгэн үнэр байдаггүй.
Зурагтай маскныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулбал ? Харанхуйд гэрэлтдэг юм шиг байна.
Энэ маскны хувьд залуучуудад илүү зориулсан гэхэд болно. Зарим хүмүүс цулгуй гэхээсээ илүү зурагтайг сонирхдог. Энэ зураг нь неон гэрэлд цоолборууд нь харагдахгүйгээр зөвхөн зураг нь л гэрэлддэг. Бас энэ зургуудыг гараар зурдаг учир дахин давтагдахгүй бас зөвхөн голд нь биш өөр хаана нь ч зурж болно гэсэн үг.