Кыргызстаны Бишкек хотод болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монголын гурван бүсгүй иж бүрэн медаль хүртэж шагналын тавцанд зэрэгцэн зогсов. Тодруулбал, “Белград-2022” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Батхуягийн Хулан алт, “Улаанбаатар-2023” Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ганбаатарын Отгонжаргал мөнгө, олимп, ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин Бат-Очирын Болортуяа хүрэл медалиар энгэрээ мялаасан.
53 кг-ын жинд 13 бөх барилдсан бөгөөд финалд шалгарсан монгол бүсгүйчүүдийн дуэльд Б.Хулан 8:0-ээр ялсан бол Б.Болортуяа хүрлийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жян Мей-инийг цэвэр дарав.