“Соёлын сэргэлт 2023” аяны үйл ажиллагаа Говьсүмбэр Аймаг Шивээговь суманд амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааг сумын ИТХ-ын дарга А.Дэлгэрзаяа, Засаг даргын орлогч Ч.Сугармаа, Говьсүмбэр аймгийн Соёл, урлагийн газар-ын дарга Б.Энхтөр, Соёлын төвийн дарга Л.Түмэнцэцэг нар аяны зорилго, зорилтыг танилцуулснаар нээлээ.
Шивээговь сум нь бүжгийн урлагийг ихээхэн хөгжүүлсэн. Боржигин тодотголтой бүжгүүдийг дэглэсэн байдаг. Боржигинчуудыг хааны удмын соёлын өвийг авч үлдсэн учир соёлын өвүүд нь эрхэмсэг, уран ган хийцтэй, дуу хуур нь намбалаг, уяхан, шуранхай нугалаа ихтэй байдаг хэмээн ярилцдаг.
ИЛТГЭЛ, СУРГАЛТ:
Монгол Угсаатны хөгжмийн товчооны тэргүүн, соёл судлаач Д.Ганпүрэв “Морин хуурын үүсэл хөгжил ба Хүрэн халзан хуурын үнэ цэн” сэдвээр сонирхолтой илтгэл тавьлаа.
Монголын Театрын Музей-арга зүйн албаны дарга А.Янжив (Ph.D) Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, биет бус соёлын өвийг музейд хэрхэн хадгалан хамгаалах талаар Шивээговь сумын соёлын төвийн ажилтан албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
ҮЗЭСГЭЛЭН, БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД:
Хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, урлагийн боловсрол олгох зорилготой “Мэдэмхий Намжил”, Боржигин өв музейгээс “Монгол уламжлалт тоглоом наадгай” зэрэг боловсролын хөтөлбөрт хүүхэд багачуудыг хамруулан, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан Виртуал музей үзүүлсэн юм. Мөн “Oросын зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэнг сумын иргэдэд дэлгэн үзүүллээ.
УРЛАГИЙН ТОГЛОЛТ:
Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын уран бүтээлчдийн “Жигүүрхэндээ хүчтэй” хүүхэлдэйн концерт, Ардын язгуур урлагийн “Алтай” хамтлаг, Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгын уран бүтээлчид, Шивээговь сумын соёлын төвийн дэргэдэх бүжгийн “Шивээн ганхаан-3,4,5” хамтлаг, Ардын авьяастан, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Ж.Цэндмаа, Д.Даваасүрэн, Ш.Ганзориг, Б.Хүдэр, Ж.Сүнжидмаа, 3-р сургуулийн дуу хөгжмийн багш Б.Өлзий нар мэндчилгээ дэвшүүлж тоглолтоо толилууллаа.
Өнөөдрийн үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн хамрагдаж урлагийн тоглолт, боловсролын хөтөлбөр, үзэсгэлэн зэрэг нь тэдний сонирхлыг татаж байлаа.