Цаг үеийн мэдээ

UNESCO -гийн түнш төрийн бус байгууллага болох “Дэлхийн соёл” / Cultures du Monde, Association Nationale/ холбооноос зохион байгуулдаг Дэлхийн соёл, урлагийн 49 дэх удаагийн наадамд анх удаагаа Монгол Улсаа төлөөлөн Өвөрхангай Аймаг - ийн театрын “Хөх домог” хамтлаг оролцлоо. Аллиер мужийн Ганна / Ville de Gannat / хотноо долоон сарын 25-наас 29-нд болсон наадамд дэлхийн өнцөг бүр, тив тивээс цугларсан хамтлаг, гар урчууд, соёл судлаачид өөр өөрсдийн үндэсний онцлогийг илтгэн харуулсан тоглолт, соёлын дээжээсээ толилуулж сурталчлав. 

БНФУ-ын Аллиер муж - Өвөрхангай аймгийн хооронд харилцаа тогтоон, хамтран ажилласны 20 жилийн ойтой урлагийн наадам давхцаж байгаагаараа онцлог боллоо. “Хөх домог” хамтлагийн уран бүтээлчдийг Аллиер мужийн удирдлагууд хүлээн авч уулзан, жил бүр зохион байгуулдаг уламжлалт наадамд олон жилийн өмнөөс хамтын ажиллагаатай явж ирсэн Өвөрхангай аймгийн уран бүтээлчид ирж оролцон, ЮНЕСКО-д бүртгүүлсэн хосгүй соёлын өвөө танилцуулсанд талархлаа илэрхийлсэн байна. 

Урлагийн тоглолтын сацуу францын судлаач Клементин Лабрун / #Clйmentine Labrune / Торгоны замын түүх болон үүнд Их Эзэн Чингис хааны оруулсан үнэт хувь нэмэр оролцооны талаар лекц уншлаа. 

Дашрамд дурдахад 2022 онд БНФУ-д зохиогдсон “Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд монголын урлагийн тоглолтыг Ганна хотод амжилттай зохион байгуулж байсан юм. 

Соёлын биет бус өвийг уламжлан хадгалах, түгээн сурталчлах чиглэлээр ажилладаг “Дэлхийн соёл” холбоо /Cultures du Monde/ нь 2010 оноос ЮНЕСКО-гийн түнш байгууллагаар сонгогдон ажиллаж байна.