Холбоодын нэгдсэн УАШТ анх зохиогдсон 2022 онд тусгай олимпын спорт албан ёсны хөтөлбөрт багтаж, бочче, поверболл, ширээний теннисний төрлөөр 200 гаруй тусгай хэрэгцээт тамирчид өрсөлдөж байв.
Энэ жил ч бас Монголын спортын корпорацаас хүртээмжтэй нийгэм, тэгш оролцоог хангах үүднээс тусгай олимпын тамирчдыг нэгдсэн УАШТ-д урилгаар оролцуулж буй.
Үүний хүрээнд тусгай олимпын тамирчид бочче, бадминтоны төрлөөр үзүүлэх тоглолт хийж, энэ төрлийн онцлогийг олон нийтэд таниуллаа.
Өнгөрсөн жил Германы Берлин хотноо болсон 16 дахь удаагийн тусгай олимпын наадмаас манай тамирчид 2 алт, 6 мөнгө, 6 хүрэл медаль хүртсэн. Тус наадмаас бочче, бадминтоны төрлөөр медаль хүртсэн тамирчид үзүүлэх тоглолтод оролцсон юм.
"Монголын тусгай олимпын хороо үүсэн байгуулагдаад 11 жил өнгөрч байна. Бид өнгөрсөн хугацаанд оюуны ялгаатай 7000 гаруй тамирчныг спортоор хичээллүүлж, нийгэмшүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Тусгай олимпын өвөл, зуны наадмын хөтөлбөрт 36 спортын төрөл багтдаг. Эдгээр спортоос зуны олимпын бочче, бадминтон, сагс, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр тамирчид түлхүү хичээллэж, тэмцээн уралдаанд орж байна" хэмээн Монголын тусгай олимпын хорооны төслийн зохицуулагч П.Тунгалаг сонирхууллаа.