Цаг үеийн мэдээ

Аадар бороо, аянга цахилгаан ихтэй энэ үед хэрэв таны ойр тойронд аянга буувал дараах үйлдлийг нэн яаралтай хийгээрэй.

Өндөрлөг газраас буу, байшинд ор, эсвэл битүү машинд ороод цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад сууна. Машины дугуй резин учир тог дамжуулахгүй гэдэг нь худлаа. Маш хүчтэй тог ирдэг учир дамжихаас гадна хайлуулдаг. Гэхдээ машин өөрөөрөө тог тойруулж гүйлгээд газардуулдаг. Утсаар ярьж болно, цэнэглэж байгаа утас барьж болохгүй. 

Хажууд чинь шонгийн мод, ганц өндөр мод, төмөр хашаа, цахилгааны утас, гол ус байвал холдоорой. Хээр талд орох оромжгүй бол хамгийн нам доор газар олоод доошоо хөл дээрээ суугаад толгойгоо тонгойлгож 2 хөлөө нийлүүл. Биеэ аль болох жижиг болгохоос гадна газартай зөвхөн өлмийгөөрөө хүрэлц. Олуулаа явж байвал бие биеэсээ хол зай барь.

Ой мод байвал ой модонд орж доошоо сууна. Нээлттэй саравч нэмэргүй, агуй бол арай дээр. Морь, мотоцикл, дугуй, ачааны машин дээрээс буу, уснаас гар, гартаа барьсан загасны уурга, шүхрээ хаяарай.

Биедээ байгаа төмөр зүйлсийг холдуул. Цахилгаан хүн дээр буулаа гэхэд арьс нь дээр хэлсэн битүү машин шиг тойруулж гүйлгээд газардуулдаг. Ингэх явцад төмөр зүйлс байвал тог биед нь орж зүрх зогсох мэтээр үхэлд хүргэнэ. Цахилгаанд цахиулсан хүнд хүрч болохоос гадна аврах ажиллагаа нэн даруй хийх хэрэгтэй. CPR гэж хайгаад сурч аваарай. 

Гэртээ байвал гэрийн утсанд мөн цахилгаанд залгаатай компьютер, гар утас зэрэгт хүрч болохгүй.

Хөдөө хээр явж байвал өндөрлөг газар, уулын орой дээр эсвэл ганц модны доор майхнаа бүү зас. Цахилгаан цахиж эхэлмэгц битүү машинд орж суу, сүүлийн цахилгаан цахиснаас 30 минутын дараа гарч болно.

Таны сурталчилгаа