Цаг үеийн мэдээ

Энэ жилийн форумаар “Чөлөөт худалдааны хэлэлцээр, Эдийн засгийн коридор” сэдвээр салбар хуралдаан болж, бусад улс орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах замаар Монгол Улсын экспортын зах зээлийг тэлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдаанд оролцогчдод тулгардаг саад бэрхшээлийн талаар төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийн талаар хэлэлцлээ.    

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын макро үзүүлэлтүүд нь өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд оновчтой, үр дүнтэй байсныг оролцогчид онцоллоо. 

Гадаад худалдааны ашиг нь уул уурхайн экспортоос хамааралтай, хэрэглээний бараанд импорт зонхилсон Монгол Улсын хувьд экспортыг солонгоруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх гарцыг нээх, цаашлаад үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага үүсээд байна. 

Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас ОХУ-ын зах зээлд ХАА-н гаралтай 375 төрлийн барааг гаалийн татваргүй экспортлох боломжийг бүрдүүлэх Чөлөөт худалдааны түр хэлэлцээр, БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2024 онд эцэслэн байгуулахаар ажиллаж байна. Мөн БНХАУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах албан ёсны саналыг хүргүүлж, 2024 онд багтаан хэлэлцээг эхлүүлэхээр зорьж байна. 

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь зөвхөн тариф бууруулах асуудал биш бөгөөд санхүү, хөрөнгө оруулалт, хорио цээр, холбогдох хууль, бүтээгдэхүүний чанар стандарт, шинэ технологи, дижитал шилжилт гэх мэт маш өргөн хүрээтэй юм.

Гэвч экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал, тодорхой бус хэвээр байна. Худалдаа болон хөрөнгө оруулалтын бодлого нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой бөгөөд экспортын чиг баримжаатай ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс хамааран хөрөнгө оруулалтыг  татах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлснээр Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ.

Таны сурталчилгаа