Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран “Халхын гол-85: Судалгаа, үр дүн, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Хурлын бэлтгэл ажлын хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Халхын-гол-85” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг хоёр удаа зохион байгуулсан юм. Эхний хэлэлцүүлгийг 2024 оны гуравдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний илтгэлд судалгааны үр дүн, чиг хандлагын талаар хэлэлцүүлж, ярилцлага, санал шүүмжлэл өрнүүлсэн юм. Илтгэл хэлэлцүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээлийг эмхэтгэн “Халх гол-85” судалгааны тоймыг хэвлүүлсэн. Харин хоёр дахь хэлэлцүүлгийг олон улсын хуралд урилгаар оролцуулах гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг тодотгож, хурлын ерөнхий сэдэв, цар хүрээг тодорхойлох зорилготойгоор 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан билээ.
“Халхын гол-85: Судалгаа, үр дүн, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Халхын голын байлдааны талаар судалгаа, шинжилгээ явуулдаг гадаадын зарим улс орны тэргүүлэх эрдэмтэн судлаачдаас гадна уг байлдаанд оролцсон ахмад дайчдын төлөөлөл урилгаар оролцох юм.
Энэхүү хурлын зорилго нь Халхын голын байлдааны түүх, цэргийн урлагын чиглэлээр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг нээлттэй хэлэлцэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, цэргийн түүхийн болон цэргийн урлагийн чиглэлээр цаашид эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршиж буй юм.