“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвтэй хамтран зохион байгуулж буй "Кембриж Монгол Форум II" 2024 оны наймдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйг зарлахад таатай байна. Хоёр жилд нэг удаа болдог Кембриж Монголын 2 дахь удаагийн форум нь “Дэлхийн асуудал, нүүдэлчдийн шийдэл” сэдвийн дор зохион байгуулагдаж, нүүдэлчдийн уламжлал нь орчин үеийн дэлхийн асуудлуудад хэрхэн шинэлэг шийдлүүдийг санал болгож болох талаар сонирхолтой, ухаалаг хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж байна.
Тус форумыг ИБУИНХУ-ийн Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв, ИБУИНХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам хамтран хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд санаачлан эхлүүлж, 2022 онд Лондон хотноо анх удаа зохион байгуулсан билээ.
Кембриж Монгол Форум II-ыг Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төв, ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэн, Чингис хааны өв соёлын хүрээлэн, Сити их сургууль, Монгол уран зургийн галерей хамтран зохион байгуулж байна.