Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 13 байршилд борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажлыг үе шаттайгаар хийж буй. Үүний найман байршилд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч дуусаад байна.
Улаанбаатар хотын зарим нүхэн гарц, авто замуудад борооны ус зайлуулах шугам хоолой хийгээгүйн улмаас их хэмжээний бороо орсон үед ус тогтоод байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад бороотой үед байнга ус тогтдог. Тэгвэл уг нүхэн гарцад ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ.
Энэ талаар Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Геодези, усны барилга байгууламжийн газарт 22-ын товчооны зам, Тахилтын нүхэн гарц, Яармагийн зам, Зуслангийн замуудын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг яаралтай гарган Засаг даргын зөвлөлд танилцуулах үүрэг өгсөн билээ. Үүний дагуу Тахилтын нүхэн гарцад шинээр зураг төсөл боловсруулан ус зайлуулах шугам хоолойн угсралтын ажлыг эхлүүлээд байна. Уг ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.
Уг байршилд ус зайлуулах 350 метр шугам хоолой угсрах бөгөөд нүхэн гарцын баруун талд байрлах жалга руу насосоор усыг шахаж зайлуулах юм. Мөн авто зам хэсэгт ус зайлуулах шүүрт худаг хийнэ.
2024-08-13
САЙН БАЙНА ОЛОН ЖИЛ ЯМАР Ч АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ДЭЭ ХОТЫН УДИРДЛАГУУДАД ТАЛАРХАЖ БАЙНА