Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, аймагт ажиллаж байна. Өнөөдөр /2024.09.12/ аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн Байгаль орчны газраас хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийсэн юм.
Өмнөговь аймгийн ойн сангийн нийт талбай 1.2 сая/га байна. Үүнээс 0.8 сая/га буюу 62.1 хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай, 0.4 сая/га буюу 37.9 хувийг ойгоор бүрхэгдээгүй талбай эзэлж байна. Байгалийн ойд моддын төрлийн эзлэх хувийг авч үзвэл: Заг 566 мян/га, Тоорой 570 га талбайд тархан ургаж байна.
- Сүүлийн 5 жилийн хугацаанд 15 сум, төрийн байгууллагуудад 210 мянган орчим ширхэг тарьц, суулгацаар хангаж, мөн үйл ажиллагааны хүрээнд 163.261.500 төгрөгийн орлогыг орон нутагт төвлөрүүлэн ажилласан байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх тухай 2021 оны 58 дугаар зарлиг, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” тогтоолыг хэрэгжүүлэхээр Өмнөговь аймаг 2030 он хүртэл “70 сая” мод тарьж ургуулахаар Засгийн газартай хариуцлагын гэрээг байгуулжээ.
Тус аймаг 2023 онд аймгийн хэмжээнд 546,509 мод тарьсан байна. Таримал ойн зурвасыг 35.79 га талбайгаар нэмэгдүүлж 52068 мод, Загаар ойжуулж, нөхөн сэргээсэн талбайг 138.5 га-р нэмэгдүүлж 123,260 мод тарь ургуулаад байгаа билээ.
“Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-ын мөнгөн дүнг нэмэгдүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 199 дүгээр тогтоолоор батлуулан 2023 оны байдлаар 2021-2023 онд мод тарьж гэрээ байгуулсан 14 сумын 167 иргэний тарьсан 76363 модонд 198.5 сая төгрөгийн урамшуулал олгогджээ.