“УБТЗ” ХНН, Монгол улсын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газар хоорондын менежментийн нэгдсэн тогтолцооны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг болон төлөвлөгөөний гүйцэтгэлийг дүгнэх, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад “УБТЗ” ХНН-ийн талаас Замын ерөнхий инженер Старцев С.П., Замын ерөнхий инженерийн орлогч Ч.Мөнхцоож, Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга С.Мөнх-Алдар, Техникийн бодлого стандартчиллын албаны Эрсдэлийн удирдлага, стандартын хэлтсийн ахлах инженер Ө.Сайнзаяа, Судалгаа, чанарын менежмент хариуцсан инженер Э.Батням, Стандарт, гэрчилгээжүүлэлт хариуцсан инженер М.Энхзул, нөгөө талаас Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга Б.Ууганбаяр, Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа, Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл, Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын дарга Л.Баярхүү нар оролцлоо.
Монгол Улсад төмөр замын суурь бүтэц эзэмшигч, хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч, түрээслэгч зэрэг төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд бий болж өрсөлдөөн шинэ түвшинд гарч ирж байгаа учир төмөр замын салбарт олон улсын стандартуудыг системтэйгээр төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “УБТЗ” ХНН, Стандарт хэмжил зүйн газрын 6 бүлэг 24 зүйлтэй хамтран ажиллах төлөвлөгөөний гүйцэтгэлийг хоёр талын удирдлага, мэргэжилтнүүд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны байдлаар 87 хувь гэж дүгнэлээ.
Төлөвлөгөөний хүрээнд 2022 онд нийт 294 сургагч багш, 32 дотоод аудиторыг бэлтгэн 2022 оныг “Менежментийн нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх”, 2023 оныг “Менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилтийг баталгаажуулах” жил болгох зорилт дэвшүүлсэн.
Энэ зорилтоо тодорхой хэмжээнд биелүүлэн 13 бүтээгдэхүүн үйлчилгээний 33 салбар нэгжийг баталгаажуулалтад бэлтгэснээс 2023 оны 12 дугаар сард “Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо” ISO 45001, “Байгаль орчны менежментийн тогтолцоо” ISO 14001, “Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” ISO 22000 гэсэн дөрвөн төрлийн стандартаар 4 салбар нэгжийг Стандарт хэмжил зүйн газрын баталгаажуулалтад хамруулан гэрчилгээ авч үйл ажиллагаагаа улам сайжруулан үр ашгаа нэмэгдүүлсэн байна.
Цаашид бусад ажил, бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын стандартуудаар баталгаажуулах, менежментийн нэгдсэн тогтолцооны хэрэгжилт, үр дүнг тасралтгүй сайжруулах зорилгоор 2025 онд санамж бичгийг шинэчлэн батлах талаар хэлэлцэн тохирлоо.