УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн чуулганаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Уг хууль 2024 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын үндэсний суурь судалгааны тайланд хүүхдүүдийн хамгийн их мэдээлэл авдаг суваг нь фейсбүүк (89%), дараа нь телевиз гэж 65% нь хариулжээ. Гуравдугаарт 60% нь найз нөхөд, үе тэнгийнхэн гэсэн байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан 13-18 насны хүүхдийн 89% нь цахим орчны халдлагад өртөж байсан гэсэн дүн гарчээ.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2023 онд цахим дарамттай холбоотой дуудлага 516 ирсэн нь 2022 онтой харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн цахим орчны зөвлөгөө хүссэн хандалт 2023 онд 445 ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 1.7 дахин өссөн байна.
Хүүхдийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 25 дугаар зүйлд Хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар зохицуулалтыг хуульчилсан бөгөөд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч гэр бүлийн орчинд, боловсролын сургалтын байгууллага сургуулийн болон дотуур байрны орчинд, хуулийн этгээд хуульд заасан эрх эдэлж, үүргээ хэрэгжүүлэхдээ хүүхдийг эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд нь сөргөөр нөлөөлөх бүх төрлийн хориотой, хүүхдэд хортой агуулгаас хамгаалах талаарх зохицуулалтыг тусгасан.