Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Бадрах энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардыг хүлээн авч уулзлаа. Уузалтаар “Бадрах энержи” ХХК-ийн зүгээс салбарын сайдад “Зөөвч-Овоо” ураны уурхайн төслийн үйл явц, цаашдын стратеги, бодлого төлөвлөлтийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцов.
“Бадрах энержи” компани нь Монгол-Францын төрийн өмчит компаниудын хамтарсан компани бөгөөд олон улсад уран олборлогч, ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч 3 компанийн нэг гэдгийг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв. Тус компани нь 1997 оноос хайгуулын ажлаа эхлүүлэн 2006 онд Дулаан-Уул орд, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус илрүүлэв. 2016 оноос 3 ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 2018 оноос ГДУО үйлдвэрлэлийн туршилтын барилгын ажил, 2021-2022 оноос үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд байгаа юм. Тус ураны орд нь 100 мянган тонн бүхий ураны нөөцтэй бөгөөд 2021-2022 онд үйлдвэрлэлийн туршилтаа амжилттай хийж, төслөө хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байгаагаа компанийн удирдлагуудын зүгээс илэрхийлэв.