БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлыг Сөүл хотноо зохион байгуулж байна.
Тус хурал нь дэлхийн улс орнууд дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллаж худалдаа, тээвэрт үүсэж буй саад бэрхшээлийг арилгах, тээврийн дэд бүтцийг хамтран хөгжүүлэх замаар улс орнуудын улс төр, эдийн засаг нийгмийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээр хэлэлцлээ.
Хуралд дэлхийн 20 гаруй орны тээврийн сайд, дэд сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, манай улсаас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Хуралдааны үеэр Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Дэд сайд Kim Sang-moon нар Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах хүрээнд 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжийн төслийг эхлүүлэхээр протоколд гарын үсэг зурлаа.
Уг төсөл нь БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон улсын хөгжлийг дэмжих байгууллагын буцалтгүй тусламжаар “К-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын нэгдсэн, цахим удирдлагын тогтолцоог бий болгох” сэдвийн дор хиймэл оюун ухаанд суурилсан авто замын засвар арчлалтыг төлөвлөх, тооцоолох, удирдах, хяналт тавих цахим систем, нэвтрүүлэх,техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, хүний нөөцийг сургах зэрэг ажлууд хийгдэнэ.