Цаг үеийн мэдээ

“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Гоо сайхны ухааны сургуулийн дэргэд Монголын хамгийн анхны гоо сайхны залгамал, хиймэл эд эрхтний протезын лаборатори нээгдлээ. 2017 оноос лабораторийн судалгаа шинжилгээний ажил явагдаж ийнхүү өнөөдөр нээлтээ хийж буй юм. 

Лабораторийн тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн 3D технологи бөгөөд хүний эд эрхтэнг сканердаж, 3D принтерээр хэвлэн бэлдцээ гарган, маш нарийн Герман технологиор элдэж хийдэг.  

Төрөлхийн болон осол гэмтлийн улмаас гар хуруу, хөл зэрэг эрхтнээ тайруулахаас өөр сонголтгүйд хүрч байгаа хүмүүст протезын талаарх мэдлэг мэдээлэл хомс байдаг. 

Тэгвэл түүнийг орлуулах, гоо зүйн талаасаа тухайн хүнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд зориогоор “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн дэргэд Монголын хамгийн анхны гоо сайхны залгамал, хиймэл эд эрхтний протезын лаборатори нээгдээд байна. 

Ийнхүү эд эрхтнээ тайруулсан, төрөлхийн дутуу эд эрхтэнтэй зэрэг асуудлыг гоо зүйн талаас нь шийдэх боломжтой болж буй юм. 

Протезыг тухайн хүний арьсны өнгөн дээр гэхэд л 7-8 өнгийг хольж, судасны өнгө, хурууны өндөгний улаан өнгө, алганы үндсэн суурь өнгө гэх мэтээр гаргадаг байна. Түүнээс гадна силикон болон акрилик хумсыг шигтгэдэг учраас эмэгтэйчүүд хумсаа будуулах, гоо зүйн талаас нь арчлах боломжтой байдлаар хийгддэг болно. Мөн хурууны үеүдэд төмөр хийдэг учир базах, барих гэх мэт хөдөлгөөн хийх боломжтойгоороо онцлог. 

Одоогоор хамгийн сүүлийн үеийн энэхүү технологиор хүний хуруу, гар, хөл, чих, хамар зэрэг эд эрхтнүүдийг түлхүү хийж байна. 

Силикон гоо сайхны лабораторийн эрхлэгчээр “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Гоо сайхны ухааны сургуулийн мэргэжлийн нүүр хувиргалтын ахлах багш Г.Хос-Эрдэнэ ажиллах юм. Тэрээр Хятад, Орос, Солонгос улсад мэргэжил дээшлүүлсэн юм. 

Таны сурталчилгаа