Нийслэлийн Ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулийн шилдэг 100 сурагчид тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн Төр захиргааны цогцолбор байранд боллоо. Тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр үг хэллээ.
Тэрбээр “Хятад хэл, соёлыг амжилттай суралцаж, мэдлэг оюунаар манлайлсан нийслэлийн шилдэг сурагчдад тэтгэлэг гардуулж буй эрхэм хүндэт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань танд нийт сурагчдын өмнөөс гүн талархлаа илэрхийлье. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. Хятад улс нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч төдийгүй дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч, хэрэглэгч юм. Энэ ч утгаараа хятад хэл дэлхий нийтээр хамгийн олон хүн ярьдаг хэлний нэг болоод байна. Манай улсын хүүхэд залуус ч дэлхийтэй хөл зэрэгцэн НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг болох хятад хэлийг хоёрдогч, гуравдагч хэлээрээ сонгон судалж байна. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод төрийн өмчийн 3, төрийн бус өмчийн 21, нийт 24 ерөнхий боловсролын сургуульд 4326 суралцагч хятад хэлийг сонирхон сурч, судалж, эзэмшиж байна. Аливаа гадаад хэлийг сурахад их хичээл зүтгэл, тэвчээр хатуужил хэрэгтэй. Хятад хэлийг амжилттай суралцаж, бусдыгаа манлайлж байгаа шилдэг суралцагчдадаа баяр хүргэж, улам их амжилт хүсье” гэдгийг хэлэв. Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжуань мэндчилгээ дэвшүүллээ. Нийслэлийн ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын сурагчдын хятад хэл сурах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, тухайн орны соёлыг судлах, цаашид тухайн улсад үргэлжлүүлэн суралцаж мэргэжил эзэмшихэд нь туслахад энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго орших юм.
Ийнхүү тэтгэлэг авсан сурагчдын сэтгэгдлээс сонирхуулъя.
18 дугаар сургуулийн 6а ангийн сурагч З.Энэрэл
-Тэтгэлэг авснаа гэнэт мэдсэн болохоор маш их догдоллоо. Гуравдугаар ангиасаа хятад хэлийг сурч байна. Хэлээ сурах дуртай болохоор шамдан суралцаж, өдөрт тогтмол цагаар хичээлээ давтдаг.
23 дугаар сургуулийн 9д ангийн сурагч Х.Болорцолмон
-Зургаан жил хятад хэлийг сонирхон сурч байна. Гадаадад сурах мөрөөдөлтэй учраас тэтгэлэг өгсөнд их талархаж байна. Бас надад тусалж дэмжсэн эцэг, эх, багш нартаа баярлалаа.
“Тольт” дунд сургуулийн 12б ангийн сурагч Э.Даваажаргал
-Тэтгэлэг авсандаа итгэж өгөхгүй л гайхаад бас баярлаад байна. Аав, ээж хоёр маань хөдөө байдаг учраас хэлж амжаагүй. Гэхдээ эгчдээ хэлсэн гайхаж баярласан.
“Орхон хасү” сургуулийн 10б ангийн сурагч Г.Ханмөрөн
-Тэтгэлэг аваад гоё байна. Анх удаа тэтгэлэг авлаа. Хятад хэл сурч байгаа хүүхдүүд болон ангийнхандаа хэлээ хичээнгүйлэн сураарай гэж захья.
“Томё” сургуулийн 11а ангийн сурагч Б.Мишээл
-Тэтгэлэг авсан тухай дөнгөж өчигдөр орой мэдлээ. Хятад хэлийг өөрийнхөө хүсэл сонирхлоор багш нарынхаа дэмжлэгээр сураад л явж байсан. Ийм том тэтгэлэг авна гэж төсөөлөөгүй учраас их баярласан. Манай гэр бүлийн хувьд миний Хятад улсад суралцах мөрөөдлийг дэмждэг. Мөрөөдөлдөө хүрэх эхний алхам энэхүү тэтгэлгийг өгсөнд баярлалаа. Хятад хэл түүх, соёлын олон мэдээллийг агуулдаг сонирхолтой хэл. Тийм болохоор хэцүү хэл гэж бодолгүй номын хуудас эргүүлж буй мэт илүү гүн мэдэж, шимтэж суралцвал сонирхолтой шүү.