Боловсролын сайд П.Наранбаяр Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сара Тeйлор, Хүний нөөц, үйл ажиллагаа, санхүүжилт хариуцсан захирал Тришиа Төрболд, Гадаад харилцааны зөвлөх Б.Халиунаа нарыг хүлээн авч уулзан, “Хамтдаа уншицгаая” төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцов.
Боловсролын яам, Азийн сан хамтран Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр номоор дамжуулан бага насны (0-5 насны) хүүхдийн хөгжлийг дэмжих, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэдтэйгээ хамт ном унших дадал хэвшүүлэх “Хамтдаа уншицгаая” төслийг 2021-2024 оны хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд номын ач холбогдлыг сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулж, унших дадал, арга техникийн талаарх зөвлөгөөг цахим орчинд түгээн, “Let’s Read” гар утасны аппликейшн буюу цахим номын санг бүтээж, гадаад хэлээр 10,000 гаруй, монгол хэлээр 230 орчим хүүхдийн номыг байшжуулжээ.
Мөн “Гэр өргөө” ТББ-тай хамтран гэр хорооллын бүсүүдэд номын ач тусыг таниулах, унших дадал хэвшүүлэх зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулснаар хүүхдийн үгийн баялаг болон өөртөө итгэх итгэл нэмэгдсэнийг Азийн сангийн төлөөллүүд онцоллоо. Цаашид сайн дурын уншлагын клуб байгуулж сургууль, номын сан, олон нийтийн төвүүдийг идэвхжүүлэх, хүүхдийн ном бүтээх хүсэлтэй зохиолч, зураачдад зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх, цэцэрлэг, сургуулийн багш нарт хүүхдэд ном уншиж өгөх арга техникийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэв.
Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, номын тусыг таниулах, эцэг эх ,асран хамгаалагч нь хүүхдэдээ ном унших өгөх соёлыг дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой төслийг хамтран хэрэгжүүлж буйд Боловсролын сайд П.Наранбаяр талархал илэрхийллээ. Тэрбээр хүүхдийн уншаад ойлгох чадварыг сайжруулах шаардлагатай байгаа энэ цаг үед “Хамтдаа уншицгаая” төслийг дэмжин, үргэлжлүүлнэ хэмээв.
Хүүхэд сургуульд ормогцоо уншиж сурах бус төрсөн цагаасаа эхлэн номтой ойр байх нь хүүхдийн танин мэдэхүй болон нийгэмшихүйн хөгжилд асар их нөлөөтэй. Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэдтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрүүлэн тогтмол ном уншиж өгснөөр хэл яриа, бичиг үсэг, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, ой тогтоолтод нь сайнаар нөлөөлж, сургуульд орох бэлтгэл нь болдог.