Намар. Тариалангийн бүс нутгийнхны их ажлын ид үе. Хаа сайгүй комбайн, трактор дуугарч, шижигнэсэн залуус эх орныхоо хөрснөөс цоо шинэ хүнсний ногоог шуудайлж, амыг нь бөхөлж, ачиж гүйлдэнэ. Амсхийх зав гарахаар инээж хөхөрч, нэгэнтэйгээ ноцолдож тоглоно. Ойролцоо нь цэргийн асар майхан, гэр, эсвэл чиргүүлтэй вагончик дүүрэн. Завгүй бөгөөд хөдөлмөр бүтээл буцалсан ийм л дулаахан зураглалыг харж давхисаар намрын ургац хураалтыг нуруун дээрээ үүрч яваа цэргийнхнээ сурвалжлаад ирэв.
Учир нь Засгийн газрын шийдвэрийн дагуу намрын ургац хураалтад оролцож байгаа алба хаагчдаа эргэж тойрох, орчин нөхцөлтэй нь танилцах, ажил гүйцэтгүүлж буй аж ахуйн нэгжийн гэрээний гүйцэтгэлийг хянах, дайчин нөхдийнхөө сэтгэл санааг сонсох, урам зориг өгөх зорилготой ажлын хэсгүүд ээлж дараатай тариалангийн бүс нутагт ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь ХЗЦК-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Төмөрбатаар ахлуулсан комиссынхон байв. Комиссын бүрэлдэхүүнд шалган туслах үндсэн үүргээсээ гадна түрүүч, байлдагч нарынхаа сэтгэл санааг нь дэмжиж, урам зоригийг нь нэмэгдүүлэх сэтгэл зүйч, эрүүл мэнд, орчин нөхцөлтэй нь танилцах эмч, бас тэдний ажил үйлсийг сонины хуудаснаа сурталчлах цэргийн сурвалжлагч багтсан байлаа.
Ажлын хэсгийнхний хамгийн эхэнд очсон тариалангийн бүс Төв аймгийн Угтаалцайдам сум. Энэ суманд Зэвсэгт хүчний хэд хэдэн ангийн бүрэлдэхүүн өнгөрсөн 8 дугаар сараас эхлэн байрласан бөгөөд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн дэслэгч Э.Бямбаням, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дэслэгч И.Касербэк нараар ахлуулсан 60 гаруй хугацаат цэргийн алба хаагчид “Family foods” компанийн тариалангийн талбайд ажиллаж байхад нь зорьж очив.
Тэдний хувьд ажлын гүйцэтгэл шувтрах талдаа орсон, ангийнхаа тогоочтой ирсэн, хоол хангалттай, хувцас дулаан, хүндрэлтэй асуудал байхгүй гэцгээв. Төмс шуудайлаад завгүй гүйж явсан байлдагч Г.Ганноров, Ц.Хүсэлбаяр (167) нарын сэтгэгдлийг хуваалцахад “Ургац хураалтын ажил сайхан дурсамж үлдээдэг юм байна. Онжавуудаараа инээж хөхрөөд талбай руугаа ороход хураалт дороо л дуусдаг. Бахархал болсон албаа нэр төртэй хааж, халагдахынхаа өмнө эх орныхоо ургац хураалтад оролцож байгаадаа баяртай байна” гэж хариулна лээ. Байлдагч Г.Ганноров 2018-2022 онд МУБИС-ийг англи хэлний багш мэргэжлээр дүүргэсэн бол байлдагч Ц.Хүсэлбаяр герман хэлээр чөлөөтэй ярьдаг гэж байна. Тэд бас ургац хураалтад өөрийн хүслээр оролцсоноор мөнгөн хуримтлалтай халагдана, аав, ээждээ дуртай бэлгийг нь аваад жавхаатай эр цэрэг халагдаж очно гэдгээ ч баяртайгаар хуучилж байсан юм.
Угтаалцайдамд тэдний адил эх орныхоо тариалангийн ажлыг хугасалж яваа хэдэн зуун түрүүч, байлдагч байгаагийн бас нэг хэсэг нь Зэвсэгт хүчний 016, 119, 256 дугаар ангийнхан. Тэдний хариуцсан га талбай нь зэргэлдээ ойр учир нэг дороо байрлан төвхнөжээ. Дайчдаас байлдагч С.Русбек, С.Адъяабазар, О.Сумъяабазар, Б.Цэлмэг, Э.Батнасан, Д.Мөнгөнбагана, Ө.Ганбат, М.Төрмөнх нар хэдий өөр өөр ангийнх ч намрын ажил дээр тал талаас цуглаад илүү дотно нөхөрлөжээ. Байлдагч Д.Мөнгөнбагана Зэвсэгт хүчний болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2024 оны аварга шалгаруулах “Марш-тусгай бэлтгэлийн аварга” шалгаруулах тэмцээнд хугацаат цэргийн алба хаагчдын салаагаар хошой алтан медаль хүртсэн Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн шилдгүүдийн нэг гэнэ. Тэрээр халагдаад хувиараа хөдөлмөр эрхлэхээр төлөвлөсөн бол түүний онжав Э.Батнасан (016) Өмнөговь аймагт уурхайн үйлдвэртээ эргээд очоод ажиллана гэж байна. Уурхайчид байлдагч Э.Батнасанг эр цэргийн албаа хаахаар мордоход нь тусгайлан баяр хүргэж, халагдаж ирэхэд нь хайрт ижийнх нь хамтаар алгаа тосон угтан авахаа ч илэрхийлж. Найзуудын нэг байлдагч С.Адъяабазарын хувьд халагдаад хэвлэлийн газраа үргэлжлүүлэн ажиллуулна гэнэ. Тэрээр фотошоп, эвлүүлэгт сүрхий ба хэтдээ уран бүтээлийн олон сайхан контентууд бэлтгэхээр төлөвлөжээ.
Залуустай ургац хураалт, намар цаг, хүсэл мөрөөдөл, цэргийн албаны талаар хөөрөлдсөнийхөө дараа Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн тогооч бүсгүйтэй ч танилцаж амжив. Түүнийг Б.Энхбаяр гэдэг, цэргийн албанд ажиллаад удаагүй ч хоол хийх туршлагаараа бусдаас дутахгүй эмэгтэй ажээ. Тогооч бүсгүй маргааш өглөөний хоолны бэлтгэлээ базааж, боорцог хайрч, төмс ногоогоо ч арилгаж, бас хүүхдүүдээ ам цангавал уух байх гээд хярам болон бор цайг том саваар дүүрэн чанажээ. Хаа сайгүй л завгүй, борви бохис хийх чөлөөгүй яваа нөхдөө гэрэл зурагт буулгасаар нэг мэдэхэд жаргах наран дор түмэн өнгөө гайхуулан тунарч харагдах тариалангийн бүс нутагт үдэш хэдийн болсон байлаа.
Маргааш нь ажлын хэсгийнхэн Төв аймгийн Угтаалцайдамын залгаа Жаргалант сум руу жолоо мушгин давхив. Жаргалант сум бол Монгол Улсын төмс, хүнсний ногооны хамгийн том бааз суурь нутаг. Жаргалантыг тойроод Зэвсэгт хүчин төдийгүй төрийн цэргийн байгууллагын алба хаагчид ч ургац хураалтад гар бие оролцож байна. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн сургагч ахлагч Б.Батнасан 20 гаруй хугацаат цэргийн алба хаагчидтай сумын төвийн ойролцоо буужээ. Сургагч ахлагч Б.Батнасан болон тогооч М.Батдулам нар намар намрын цагаар дайчдаа аваад ургац хураалтад гардаг, хөдөө хээрээр гэр хийж амьдраад сурчихсан гэдэг нь яриа бүрээс нь андашгүй байв.
Зенитчид энэ удаа Засгийн газрын шийдвэрийн дагуу төмс, хүнсний ногоо хурааж байсан бөгөөд тэднийг гэрээлэн ажиллуулж байгаа газар тариалан эрхлэгч Ц.Гантулга энэ их ажил цэргийнхний хүчээр л явж байгааг онцолж, жил жилд Зэвсэгт хүчинтэй хамтран ажилладаг гэж байна. Хугацаат цэргийн алба хаагчдадаа дулаан хувцас болон тамхи, бээлийгээр өдөр бүр хангаж, төрсөн өдөр тохиосон нь дайчдадаа амтат бялуу, чихэр жимсээр бэлэг барьж, хүүхдүүдээсээ ялгаагүй хайрлаж, баярлуулахыг хичээдэг гэлээ. Дэд түрүүч Б.Онон-Оргил, А.Анар, байлдагч О.Адъяа нар ургац хураалтад оролцсоноор хөдөлмөрийн амт шимтэд дурлахад тусалж байна, энэ нь бидний амьдралд хэрэгтэй гэдгийг ч дуулгаж байсан юм. Тэдний ангид хоёр ихэр байсан нь байлдагч Б.Ууганбат, Б.Ууганбаяр. Тэднийг онжавууд нь амархан ялгадаг бол танихгүй хүмүүс ялгаж огт чаддаггүй гэнэ.
Ажлын хэсгийнхэн тариалангийн бүсэд дайчид бүрээ эргэж тойрч давхисаар алдар түүхт Зүүнбаян буюу Зэвсэгт хүчний 336 дугаар түрүүч, байлдагч нартайгаа ч уулзлаа. Бүгд л сэтгэл санаа өөдрөг, хөдөлмөр бүтээл арвин гэдгээ илтгэж байсан бол ажил гүйцэтгүүлэгч аж ахуйн нэгжүүд “Тариаланч бидний ажлыг нугалж байгаа цэргийн алба хаагчдадаа талархаад баршгүй. Зохион байгуулалттай, дэг журамтай сайхан залуус байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан бөгөөд ажлын хэсгийнхэн ч гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт болоод намрын сэрүү орж байгаа энэ үед дааруулахгүй, ядраахгүй байхад нь ахалж яваа офицер болоод газар тариалан эрхлэгчид онцгой анхаарахыг ч захиж байсан юм.
Үргэлжлэл бий...
Ахмад Д.БОЛОРМАА
2024-09-24
таталдаад байогүй сайн хооллож ундлаарай хүүхдүүд өлсөөсөн сураг байсан шүү