Цаг үеийн мэдээ

Хэнтий аймаг, Батширээт сум, Онон багийн “Өгөөмөр” гэдэг газарт есдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан  "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн осол бүртгэгджээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна. Зорчигч И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг есдүгээр сарын 18-ны өдрийн 09:50 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс  "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгч ажиллав. Есдүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагаас иргэн И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Батширээт сумын гүүрнээс Биндэр сумын “Яргуй хавцал“ гэдэг газар хүртэл 40 км-т голын урсгалын дагуу завиар урсаж, 8 метрийн гүнд 2 удаагийн шумбалт хийж зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоожээ. Есдүгээр сарын 24-ний өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Таны сурталчилгаа