Хэнтий аймаг, Батширээт сум, Онон багийн “Өгөөмөр” гэдэг газарт есдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас “Өгөөмөр” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашины жолооч Б/66 настай, эрэгтэй/, зорчигч И/58 настай, эрэгтэй/ нар "Онон" голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн “Улаан бургас” гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайргадаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна. Зорчигч И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг есдүгээр сарын 18-ны өдрийн 09:50 цагт Онцгой байдлын газрын эрэн хайх алба хүлээн авчээ. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн “Өгөөмөр” гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс "Юнимог-400" загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Есдүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагаас иргэн И/58 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж Батширээт сумын гүүрнээс Биндэр сумын “Яргуй хавцал“ гэдэг газар хүртэл шумбалт хийж зохион байгуулан ажилласан боловч үр дүнд хүрээгүй тул тухайн өдрийн 18:00 цагт түр зогсоожээ. Үндэсний аврах бригадын алба хаагчид 2024 оны есдүгээр сарын 24-ний өдрийн 08:00 цагт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн, анх осолдсон газраас зүүн зүгт тус аймгийн Биндэр сумын Баянгол багийн “Яргуй хавцал” гэдэг газар хүртэл голын урсгалын дагуу давтамжтай завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, давтамжтай шумбалт хийсэн байна. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул өчигдөр 19:00 цагт эрлийг түр зогсоож, 2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлээд байна.