Боловсролын яамнаас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн “Хамтарсан судалгаа - Бизнес түншлэл 2024” семинар Япон Улсын Токио хотод боллоо. Үйл ажиллагааны үеэр Япон, Монгол хоёр улсын судлаачид зургаан чиглэлээр 31 илтгэл хэлэлцүүлж, их сургууль, судлаач, аж ахуйн нэгжийн 30 орчим тусгай уулзалтыг зохион байгуулснаар 10 санамж бичиг, гэрээ байгуулав.
Судалгааны ажлыг таниулан сурталчлах, зөвхөн их сургуулиудын хооронд бус Япон, Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг эхлүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэн инновац, шинэ бүтээгдэхүүн бий болгох, гарааны компани байгуулах, хөрөнгө оруулалт татах, судалгааны багуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор тус семинарыг зохион байгуулсан нь хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байна.
Мөн их сургуулийн судлаач, эрдэмтдийн чадавх бэхжиж, Засгийн газраас дэвшүүлж буй судалгааны их сургуулийг бий болгох зорилтыг хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон улсын зах зээлд гарах, хөрөнгө оруулалт татах боломжийг эрэлхийлсэн үр дүнтэй арга хэмжээ болсныг семинарт оролцогчид санал нэгтэй дүгнэв.