Цаг үеийн мэдээ

Санхүүгийн зохицуулах хороо Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, БНСУ-ын Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбоотой хамтран БНСУ-ын Сөүл хотноо “Mongolian Capital Market Connectivity 2024: Korea” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Содхүү, БНСУ-ын Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбооны дарга Со Юү Сог болон хоёр орны үнэт цаасны компаниуд, хөрөнгө оруулагчид оролцов.  

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн арга хэмжээ нь Санхүүгийн зохицуулах хорооноос Хонг Конг, Шанхай, Нью Йорк, Сингапур зэрэг хотуудад зохион байгуулсан “Mongolia’s Capital Market Connectivity” арга хэмжээний үргэлжлэл бөгөөд Сөүл хотноо энэ сарын 11-нд болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан ээлжит VIII хуралдааны дараа болж буйгаар ихээхэн онцлогтой юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгаа энэ үед энэхүү арга хэмжээ болж буй нь хоёр орны хөрөнгийн зах зээлээ холбох, дотоодын компаниудад давхар бүртгүүлэх замаар санхүүжилт татах, зах зээлийн илүү өргөн боломж нээх, хөрөнгө оруулагчийн бааз сууриа нэмэгдүүлэхийн зэрэгцээ Солонгосын хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгийн зах зээлд оролцож, чанартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байна.  

Нөгөөтэйгүүр Монгол Улсын макро эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтворжиж, эерэг үзүүлэлтүүдийг үзүүлж байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ДНБ 5.6 хувиар өссөн бөгөөд ирэх онд 6 хувиар өснө гэсэн хүлээлттэй байна. Мөн олон улсын Фитч /Fitch Ratings/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж, “B+ буюу тогтвортой” болгож сайжруулсан. Банкны салбарт хэрэгжсэн реформын хүрээнд системийн нөлөө бүхийн банкнуудын IPO амжилттай болсны зэрэгцээ төрийн өмчит компаниудын хувьчлал хэрэгжиж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсан зэрэг томоохон цогц арга хэмжээнүүдээс гадна бодлого, зохицуулалтыг оновчтой, зөв хэрэгжүүлсний үр дүнд дотоодын зах зээл өндөр өсөлтийг үзүүлж чадсан юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 12.1 их наяд төгрөгт хүрсэн нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 4.6 дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар дотоодын зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, арилжаа, төлбөр тооцоо олон улсын зарчмаар явагдах, хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх сонирхлыг өсгөхөд таатай эрх зүйн зохицуулалтын орчин бүрдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Мөн монголчууд гадаадын орнуудаас хамгийн их буюу 53 мянга гаруй иргэн суурьшин ажиллаж, амьдарч буй орон нь Солонгос Улс тул бидний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал хөшүүргийн нэг нь энэ” гэдгийг онцолсон юм.  

Арга хэмжээний үеэр Монголын Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулах нь сэдвээр илтгэл тавьж, МҮЦАЭХ-ны гишүүн үнэт цаасны компаниудын зүгээс танилцуулга, мэдээлэл хийсэн бол БНСУ-ын талаас хөрөнгө оруулагч, мэргэжлийн оролцогчид мөн өргөнөөр оролцож цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо. 

Таны сурталчилгаа