2024 оны эхнээс арваннэгдүгээр сарын 15-нийг өдрийг хүртэл “УБТЗ” ХНН 28.8 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 862.5 мянган тонноор илүү байгаа бол ачилт мөн хугацаанд 20.8 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 431.1 мянган тонноор илүү байна.
Оны эхнээс нийт 2777 чингэлгийн галт тэрэг манай улсын нутгаар дамжин өнгөрсөн нь өмнөх оны мөн үеэс 147 галт тэргээр илүү байна.
Өнгөрсөн 7 хоногийн галт тэрэг солилцоог авч үзвэл Замын-Үүд – Эрээн өртөөний өргөн царигаар хоногт дунджаар 16 галт тэрэг буюу 754.1 вагон өгсөн бол15.7 галт тэрэг буюу 728.5 вагон авсан байна. Харин нарийн царигаар хоногт дунджаар 6.5 галт тэрэг буюу 363.1 вагон авч, 6.4 галт тэрэг буюу 348.1 вагон өгчээ. Тэгвэл Наушки- Сүхбаатар өртөөгөөр хоногт дунджаар 6.8 галт тэрэг буюу 292.4 вагон өгч, 6.7 галт тэрэг буюу 309.1 вагон авсан байна.
“УБТЗ” ХНН Багануур, Шивээ овоо, Шарын гол, Эрдэнэт ГОК-ийн нүүрсний тээвэрт шаардлагатай вагон хангалтыг цаг хугацаанд нь шуурхай зохион байгуулж байна. Эдгээр уурхай, үйлдвэрийн нүүрсний тээвэрт арваннэгдүгээр сарын 14-ний байдлаар нийт 7015 вагоны хангалтыг хийгээд байгаа нь төлөвлөснөөс 142 вагоноор илүү байна.
Үүний үр дүнд өвлийн ид ачааллын үед Дулааны цахилгаан станцууд нийтдээ 177 хоногийн нүүрсний нөөцтэй болоод байна.