Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны Ерөнхийлөгч Жианни Инфантиногоос Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны Ерөнхийлөгч М.Болдод баяр хүргэж захидал илгээжээ. Захидлыг агуулга нь монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн лигийн шинэхэн аварга, “Ховд Вестерн ФС”-ийн эмэгтэйчүүдэд тусгайлан баяр хүргэхийн ялдамд МХБХ эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хичээл зүтгэл гаргаж буйд талархал илэрхийлсэн байна.
Энэхүү талархлын захидлыг МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд өнөөдөр Ховд Вестерн ФС-ийн гүйцэтгэх захирал Б.Санжаа, эмэгтэйчүүдийн багийн ахлагч, хүүхдийн багийн дасгалжуулагч А.Алтантуяа нарт уламжилж, гардуулан өглөө.
Тэрбээр, “Та бүхнийг хөлбөмбөгийг, тэр дундаа өсвөрийн хөлбөмбөгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. МХБХ-ны цаашдын зорилтод өсвөрийн хөлбөмбөгийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах бодлого барьж буй.
“Ховд Вестерн ФС” сүүлийн жилүүдэд охидын багаа амжилттай авч явж байгаа. Та бүхнийг өсвөрийн шигшээ баг, нас насны хүүхдүүдийг хөлбөмбөгийн спортын чиглэлээр бусад клубтээ үлгэр жишээ болгохуйцаар хөгжүүлж байгаад МХБХ-ны Ерөнхийлөгч миний бие болон Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдлага, хамт олныхоо өмнөөс давхар баяр хүргэе. Та бүхний өсвөрийн хөлбөмбөгтөө илүү анхаарал хандуулж буй явдал нь МХБХ-ны богино, дунд, урт хугацааны зорилттой нийцэж байна. Иймд бид бүхний зүгээс бодлогын бүхий л боломжит дэмжлэгээ үзүүлж хамтарч ажиллахаа илэрхийлье” гэлээ.
Харин МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, “Бид Хятадын Хөлбөмбөгийн холбоо болон Хятадын манай улстай хил залгаа мужуудтай клубуудын хамтын ажиллагаа, тэмцээн уралдаан, тамирчин, дасгалжуулагч солилцооны ажлыг хэрэгжүүлэхээр анхан шатны уулзалтуудаа хийгээд буй. болон бусад хил залгаа мужтай хамтарч ажиллах уулзалтууд болно.
Яагаад гэхээр, Хятадын Хөлбөмбөгийн холбооны бодлого, зорилт нь манайхтай адил хүүхдийн хөлбөмбөгтөө анхаарч байгаа жилүүд эхэлж байгаа юм. Түүнчлэн бид Өвөрмонголын ХБХ-той хамтран ажиллахаар ажлын хэсгийг байгуулаад буй. Та бүхэн эдгээр үйл ажиллагаанд оролцоод явах боломж бий” гэв.
Үүний зэрэгцээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас санаачилсан “Цэнхэр тууз” аянд нэгдэн хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа МХБХ-ныхоо усыг хайрлах, хамгаалах аянд нэгдэж, идэвхтэй хамтран ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж тус клубийнхнээс хүслээ.