Цаг үеийн мэдээ

Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 11-нээс 15-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43704, мөрдөн байцаалтын 4222 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. 

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, Өмчлөх эрхийн эсрэг 50, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Авлига, албан тушаалын 3 хэрэг байна.     

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

-Нийслэлийн прокурорын газраас Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн албан тушаалтан Ц.Ж нь байгууллагаас зохион байгуулсан худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-Иргэн П.Д, Ш.Г нар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ус хангамжийн барилга байгууламж барьсан зөрчлийг шалгуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн Байгаль орчны газрын албан тушаалтан Б.Г-д хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах  дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-БНХАУ-ын иргэн Ч.Г-ын захиалгаар иргэн Л.А, Б.Х, Б.У, П.Э нар нь нэр бүхий иргэнээс үлдэгдэл төлбөр авах зорилгоор айлган сүрдүүлж, эд хөрөнгийн эзэмших эрхийг шилжүүлэн авч, заналхийлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

Таны сурталчилгаа