Эко автомашин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос нийслэлд улсын дугаар олгохыг хязгаарлаж буйг эсэргүүцэж мэдээлэл өглөө.
Эко автомашин импортлогчдын холбоо ТББ-ын тэргүүн Лхагважав: Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа, анхаарлын төвд орсон, иргэдийн өмчлөх эрхийг зөрчсөн, нийслэл хотод олгох автомашины дугаарын хязгаарлалтын асуудал нь юунаас эхлэлтэй вэ гэдгийг би эхлээд товчхон тайлбарлая. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын яаралтай горимоор батлагдсан Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиас улбаатай. Энэ хуулиар нийслэл хотод автомашины дугаар олголтын дээд хязгаарыг тогтоох эрхийг НИХТ-т олгожээ. НИТХ энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр хуралдаж, түгжрэлтэй холбоотойгоор автомашины дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар баталсан юм байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга дугаар олгох шалгуур үзүүлэлтийг баталж ажилла гэдэг даалгавар өгчээ. Ингээд Нийслэлийн Засаг дарга аравдугаар сарын 23-ны өдөр найман шалгуур үзүүлэлт бүхий захирамж гаргаж, арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс Улаанбаатар хотод автомашины дугаар олгох үйлчилгээг зогсоосон. Автомашины дугаар олгох үйлчилгээ зогссон цагаас хойш автомашины худалдаа эрхэлдэг, машины бизнес эрхэлдэг байгууллагууд чимээгүй байлаа. Хууль, тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтийг харзнасан байдалтай, хөрсөн дээрээ яаж буух вэ гэдэг хүлээлтийн байдалтай байлаа. Амьдрал дээр энэ нь хэрэгжихэд үнэхээр хэцүү. Хувь хүний өмчлөх эрхэд халдсан гэдгээр хэсэг хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа юм билээ. Мөн Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж ХЗДХ-ийн яамнаас буцсан байна. Хүний эрхийн зөрчилтэй, холбогдох хуульд нийцэхгүй гэх шалтгаанаар буцсан юм билээ. Үүний сөрөг тал нь дугаар үнэд орсон. Хамгийн багадаа 2 сая төгрөгт хүрчээ. Энэ нь автомашины бизнес эрхэлж байгаа хүмүүст хүндрэлтэй байна. Дээрээс нь цаашдаа энэ нь иргэдэд хүндрэл үүсгэх, ачаалал үүсгэх эрсдэлтэй асуудал юм байна лээ. Бид Засгийн газар, УИХ-аас гаргасан түгжрэлийн эсрэг хийх арга хэмжээ, ажлуудыг эсэргүүцсэн зүйл байхгүй. Бид бүгд дэмжиж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэх арга нь хуульд нийцэж байна уу. Иргэдэд ээлтэй байна уу гэдгээ эргэж хараач.
Эко автомашин импортлогчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Шагдар: Хотын дарга Х.Нямбаатар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрөө автомашины бизнес эрхлэгчдийг санаатайгаар гүтгэсэн гэж би хувь хүний хувьд ойлгож байна. Энэ хүн өөрөө ХЗДХ-ийн сайд байсан. Одоо Улаанбаатар хотын дарга хийж байгаа хүн автомашиныг оруулж ирэхийн тулд гаальд ямар татвар төлдгийг мэдэж байгаа. Мэдэх ч ёстой. Гэтэл автомашины бизнес эрхлэгчид нэг ч төгрөгийн татвар төлдөггүй гэж хэлсэн. Жишээ нь: нэг машин өнөөдөр Монгол Улсын хилээр орж ирэхэд үйлдвэрлэсэн он, моторын багтаамжаасаа шалтгаалан дунджаар 10-15 сая төгрөгийн НӨАТ, Гаалийн татвар, онцгой албан татвар гэж төлдөг. 10 машин оруулж ирэхэд л 100-150 сая төгрөгийн татвар төлж байна гэсэн үг. Энэ бол асар их хэмжээний мөнгө гэж би бодож байна. Гэтэл энэ хүн нэг ч төгрөгийн татвар төлдөггүй гэсэн. Хэрвээ тэгж татвар төлдөггүй юм бол бид энэ их мөнгийг хаана, яагаад төлчихсөн юм бэ. Гааль яагаад биднээс ийм их хэмжээний мөнгөн төлбөр төлүүлчихсөн юм бэ. Бүх татвар бүртгэлтэй байгаа шүү дээ. Хэзээ зарагдах нь мэдэхгүй бараанд бид урьдчилаад бүх төрлийн татвараа төлөөд, эрсдэлээ өөрсдөө үүрдэг. Эдгээр хүмүүс өөрсдөө тэр ногоон автобусаа оруулж ирэхдээ татваргүй оруулж ирдэг байсан юм уу. Бид тэгж татваргүй машин оруулж ирэх эрх мэдэл байхгүй. Тиймээс энэхүү мэдэгдэлдээ эргээд тайлбар хий. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрөө юу гэж ярьсан. Яг тэр индэр дээрээ зогсож байгаад ташаа мэдээлэл өгсөндөө тайлбар хийхийг шаардаж байна. Яагаад гэвэл үүний ард бизнес эрхлэгч олон мянган иргэн, аж ахуй нэгж, ар гэр нь бий. Өөрсдийнхөө хэмжээнд улсдаа татвар төлөөд хууль ёсоор ажлаа хийгээд, өөрсдөөрөө бахархаад л явж байгаа. Гэтэл түүнийг нь шууд үгүйсгээд нэг ч төгрөгийн татвар төлдөггүй муусайн халтар ченжүүд гэж хэлсэн нь төрийн том албан тушаалтай хүний амнаас гарах үг биш гэж би бодож байна. Ёс зүйн маш том алдаа гэж харж байна.
irgen
2024-11-19
genet shahah n mash buruu jaahan hugatsaa olgoh negent orood irsen tatwaraa tolson mashind dugaar olgoh n zvitei hugatsaa zaaj daraa daraagiin mashinuudiig harin horigloj bolno shudraga