Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт Хууль зүй, Дотоод хэргийн яамны болон Цагдаагийн ерөнхий газрын цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа /2024.11.22/ ёслол төгөлдөр боллоо.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцов.

Түүхт ойн өдрийг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган бусдыгаа манлайлан ажилласан 257 алба хаагч Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар, 283 алба хаагч цагдаагийн байгууллагын шагналаар, 340 алба хаагч хугацааны болон зэрэг дэв дээгүүр цолоор тус тус шагнагдлаа.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд хэлсэн үгэндээ “...Цагдаагийн төв байгууллагаас алба хаагчдын цолны цалингийн нэмэгдлийг шинэчлэн бусад төрийн цэргийн байгууллагуудын цолны нэмэгдлийн хэмжээтэй адилтгахаар Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулан батлуулахаар ажиллаж байгаа нь цолны үнэлэмжийг нэмэгдүүлэх, алба хаагчдын албандаа итгэх итгэл, үнэмшлийг төрүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, үүрэг хариуцлагыг сайжруулахад чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэж байна.

Цол бол гоёл биш, үүрэг хариуцлага, дадлага туршлага, мэргэшсэн байдлын тод илэрхийлэл гэдгийг дахин сануулахын зэрэгцээ төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, байгууллагын үйл ажиллагааг улам боловсронгуй болгоход шинэ санал, санаачилга гарган үр дүнтэй ажиллана гэдэгт илтгэлтэй байна...” хэмээв.

Таны сурталчилгаа