Цаг үеийн мэдээ

Нисэхийн тойрог, “AIC steppe arena”-ийн зүг өчигдөр замын хөдөлгөөн удааширч, хүний хөлд дарагдсан байлаа. Учир юун гэвэл Волейболын Үндэсний дээд лигийн “Бүх одод”-ын тоглолт болж байсан юм. Бүх оддын тоглолтыг үзэх үзэгчдийн цуваа ийнхүү замын хөдөлгөөнийг удаашруулжээ.  

14:00 цагт эхлэх ёстой байсан тоглолт 15:00 цагт эхэлсэн ч үзэгчид Мөсөн өргөөг битүү дүүргэн хоосон суудал үл харагдана. Волейболын спортыг шимтэн сонирхогч ордноос хальж гарах нь холгүй байсан юм. Багуудын танилцуулгаар энэхүү өдрийн тэмцээн эхэлж, хамгийн эхэнд эмэгтэй Бүх оддын баг гарч ирэв. Араас нь эрэгтэй бүх оддын баг. Мэдээж түүний араас хамгийн сонирхол татах холимог оддын баг гарч ирлээ. Тус тэмцээнд оролцох оддыг үзэгчдийн хүсэлтээр шалгаруулсан. Хамгийн өндөр саналыг Улсын аварга О.Хангай авчээ. Тэрбээр өөрийн охин Арлунгоог мөрөн дээрээ суулган баруун гараараа далласаар гарч ирэхэд ордонд цугласан үзэгчид уухайлан дэмжиж, алга ташилт тасарсангүй.  

Спорт сонирхогч, тамирчид хэн бүхний хувьд энэ өдөр баярын өдөр байдаг. Гэнэтийн бэлэг дүүрэн Бүх оддын тоглолтын урлагийн үзүүлбэрүүд ч гайхалтай болж байлаа. Мэдээж үзэгчдийн хүсэн хүлээдэг тоглолт нь холимог одод. Марвел багийнхан тус бүртээ баатруудын дүрд хувирч, багийн ахлагч М.Баярбат Deadpool-ийн дүрээр гарч ирлээ. Бүгд л дүрээ илтгэсэн ямар нэгэн онцлог шинжийг агуулан үзэгчдийн өмнө гарав. DC баг мөн л киноны баатруудын дүрээр олны өмнө гарч ирлээ. Багийн ахлагч Улсын аварга О.Хангай охин Х.Арлунгоо нар нэг багт хамтран зүтгэхээ илтгэн охин аавынхаа мөрөн дээр сууж, цуг гарч ирсэн юм. Ингээд тоглолт эхлэх торгон агшинд багуудын мэндчилгээ Мөсөн өргөөнд цав сууж, хана тууртал үзэгчдийг огшоосон юм. О.Хангай аваргын дэвэлтэд DC баг хожих нь илт мэт сэтгэгдэл үзэгчдэд төрүүлж байлаа.  

О.Хангай аварга охин Х.Арлунгоотойгоо солилцоо хийлээ. Охин ч гарч ирээд эсрэг багт давуулалт хийн 1 оноог багтаа авчирсан юм. Үзэгчид аваргын охиныг өхөөрдөн байлаа. Аварга ч охинтойгоо бие халаалтаар харилцаж буй нь тун шаггүй волейболчин болохыг нь илтгэж байсан юм. “Mongolian volleyball academy”  Х.Арлунгоог урьж тамирчнаа болгохоор шийджээ. Харин эсрэг багт жүжигчин Отгоо бөмбөг гаргах ээлж ирэхэд үзэгчдийн суудал руу гүйгээд орчхов. Дуучин Баярсайханыг гаргаж ирээд эгчдээ бөмбөг гаргаад өг гээд гаргуулчихлаа. Хөтлөгч Дадааш эмэгтэйчүүд ийм сэргэлэн. Гаргаж чадахгүйгээ мэдээд гаргуулах хүнээ бэлдээд ирсэн байна хэмээн ёжлов. Үзэгчдийн суудлаас Марвел багийн гишүүн жүжигчин Сүхболд буюу Тагтааг их дэмжин орилж, Тагтааг тоглуулъя, солилцоогоор оруул хэмээсэнд Тагтаа хариуд нь “Би өөрөө айгаад байна аа” хэмээн үзэгчдийг инээлгээд авав. Тоглолтын дундуур гэнэтийн бэлгүүд дүүрэн нэг нэгээр задарсаар хоёр баг 1:1 харьцаатай тэнцэж, контур гарлаа. Сүүлийн үеийг 15 оноогоор дуусгах байсан ч хөтлөгч Содоогийн хэлснээр 21 оноогоор тоглоё гэдэг нь биелж, багууд энэ тэнцүү өрсөлдсөөр... 

22:24 оноогоор DC баг хожсон юм. Тэр хүртэлх халуун тулаан үзэгчдийг суудлаас өндөлзүүлж, тайван суугаад үзэх боломгүй мэт л халуухан өрнөсөн юм. Тоглолт дуусаж, ялсан багийн ахлагч О.Хангайгаас сэтгэгдлийг нь сонсоход “Сүүлийн жилүүдэд волейболын спортоос их холдсон байсан. Мэдээж миний хайртай спорт. Охиныхоо хүсэлтээр энэ удаад хамт орлоо. Хайртай спортоороо нэг өдөр сайхан дурсамж бүтээн тоглоход үнэхээр сайхан байлаа. Охиндоо нэгэн сайхан дурсамж үлдээлээ. Багийнхандаа болон нөгөө багийн гишүүддээ маш сайхан хүчтэй өрсөлдөөнийг үзүүллээ. Бүгд сайн байлаа” хэмээв.  

Ингээд бүх оддын тоглолт цааш эрэгтэй бүх оддын тоглолтоор үргэлжилсэн юм. 

С.ОТГОН 

Таны сурталчилгаа