УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2024.12.03/-ийн хуралдаанаар Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Л.Соронзонболд, Ж.Алдаржавхлан нар санхүүгийн салбарын сайн мэргэжилтнүүдийг татан оролцуулах зорилгоор нэр дэвшүүлэх хугацааг сараар сунгах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх саналыг хэлснээр нэр дэвшүүлэх хугацааг 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 6 хүртэл нэг сараар сунгахаар шийдвэрлэлээ.