Дараах зөвлөмжийн дагуу энгийн дадлуудыг өдөр бүр хийж сурснаар хүүхдийн эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой.
- Унтах, сэрэх цагаа зөв тохируулаарай.
- Өглөө бүр хөнгөн цайлж хэвшээрэй.
- Өглөө, өдөр, орой бүр шүдээ угаагаарай.
- Өглөө бүр хөнгөн дасгал хийж хэвшээрэй.
- Дэлгэцийн цагаа багасгаж, бүтээлч дадлыг хэвшүүлээрэй.
- Цэвэр ус тогтмол ууж хэвшээрэй.
- Өдөр бүр 15-20 минутыг сурсан, мэдсэнээ бататгахад зориулаарай.
- Өөрийнхөө хүсэл, сонирхол хоббигоо хөгжүүлэхэд өдөр бүр 30 минутыг тогтмол зарцуулаарай.
Тогтмол цагт унтаж, сэрэх цагийн хэмнэл нь биеийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд эерэг нөлөөтэйг олон судалгаагаар нотолжээ. Тухайлбал, хангалттай нойр авах нь анхаарал төвлөрөлт, бүтээлч байдалд сайнаар нөлөөлдөг байна.
Өглөөний цай нь өдрийн эрч хүчийг нэмэгдүүлж, оюуны болон биеийн ажиллах чадварыг дээшлүүлдэг. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүсийн суралцах чадвар, анхаарал төвлөрөлт илүү байдаг нь судалгаагаар тогтоогджээ.
Шүдний эрүүл ахуйг сахих нь амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндэс юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар өсвөр үеийнхний 9.9% нь өдөр бүр шүдээ угаадаггүй байна.
Биеийн шингэний тэнцвэрийг хадгалах нь эрүүл мэндэд чухал юм. Өдөрт хангалттай хэмжээний ус уух нь бодисын солилцоог дэмжиж, эрүүл мэндийг сайжруулдаг.
Дэлгэцийн хэт их хэрэглээ нь хүүхдийн өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг Японы Тохокугийн их сургуулийн судалгаа харуулжээ. Өдөрт 4 болон түүнээс дээш цаг дэлгэц ширтсэн хүүхдүүдэд хөгжлийн хоцрогдол илэрсэн байна.
Тогтмол давтлага хийх нь мэдлэгийг бататгаж, урт хугацааны ой санамжийг сайжруулдаг болохыг боловсролын судалгаанууд харуулдаг.
Хоббигоороо хичээллэх нь стрессийг бууруулж, сэтгэл санааг дээшлүүлдэг бол сонирхолтой үйл ажиллагаанд оролцох нь бүтээлч байдлыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулдаг.