Цаг үеийн мэдээ

NBA-ийн дөрвөн удаагийн Бүх-Од тоглогч Демаркус Казинс Монголын Үндэсний дээд лигийн "Сэлэнгэ Бодонс" багтай гэрээ байгуулж, Монголд ирэхээр болсон тухай мэдээлэл гарчээ. 

Тодруулбал, ДеМаркус Казинсыг багтаа нэгтгэж буйгаа олон улсын хэвлэлд зарлах үйл ажиллагаанд "Таван Богд Фүүдс"-тэй хамтран ажиллах хүсэлт нийтэд задарсан. Энэ нь дээрх мэдээллийг баталгаажуулж буй үйл явдал юм.

Тус багийн эзэн Л.Наранбаатар өөрийн цахим хуудсандаа "NBA-ийн нэгэн супер од Сэлэнгэ Бодонс багт легионероор тоглох гэрээ эцэслэгдлээ. 2025 оны 1-р сарын 10-нд олон улсын хэвлэлээр талууд албан мэдээллээ хамтран гаргана. Тэр болтол ямар ч хөндлөнгийн мэдээнд бүү автаарай! Бид энэ жил аварга авахын төлөө зорьж байгаа" хэмээн нийтэлжээ. 

Одоогоор Казинс багтайгаа албан ёсоор нэгдээгүй байгаа бөгөөд 1-р сарын 10-нд албан ёсны мэдэгдэл хийгдэхээр төлөвлөж байна. 

"Сэлэнгэ Бодонс" багийн хувьд өнөөдрийн байдлаар 10 хожил, 6 хожигдолтойгоор хүснэгтийн 2-р байранд бичигдэж байна. 

Тэдэнд одоо нэг асуудал үүсээд буй нь тэд хэдийнээ Ахмад Гилберт, Жэйнтал Силла нартай гэрээ байгуулан тоглож буй. Дээд лигийн дүрмээр дээд тал нь хоёр импорт тоглогчтой гэрээ хийж, талбай дээр гаргах боломжтой ба улиралд нийтдээ 4 тоглогчтой л гэрээ хийж болно. Хэрвээ тэд НБА-д тоглож байсан одтой гэрээ хийж, багтаа нэгтгэвэл Ахмад уу, Силла юу гэсэн сонголтод тулж ирэх нь ээ. Хэдий тэд M Хөгжлийн лигт багтай, аль нэгийг нь тус баг руугаа явуулж болох боловч хөгжлийн лигийн Плэй-офф эхэлсэн тул тоглогч нэмж болох эсэх нь эргэлзээтэй юм. 

Демаркус Казинс нь NBA-д олон жилийн туршид өндөр амжилт үзүүлсэн, чадварлаг төвийн тоглогч бөгөөд түүний ирэлт нь Монголын сагсан бөмбөгийн хөгжилд томоохон түлхэц болох нь дамжиггүй.

Таны сурталчилгаа