МБШ Төв- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламын Европ дахь айлчлал Будапешт хотод үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд тэргүүн хамба лам эртний түүхтэй, 1635 онд байгуулагдсан Унгар улсын Отвөш Лорандын Их Сургууль (Eцtvцs Lorбnd University, ELTE)-д зочиллоо.
Тус сургууль нь Ази дорно дахин судлалын тэнхимтэй бөгөөд уг тэнхимд буддын судлал, монгол судлалын чиглэлээр олон монгол судлаачид суралцдаг байна. Тэнхимийн эрхлэгч Агнеш Бритлан болон багш нар болох Атилла, Кристина Телеки нар тэргүүн хамба ламыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, тэнхимийн үйл ажиллагаа, судалгааны ажлуудыг танилцуулан харилцан санал солилцлоо.
Энэхүү тэнхим нь “Монголын Бурханы шашин” судлалын чиглэлээр олон улсын хурал тогтмол зохион байгуулдаг бөгөөд тэргүүн хамба лам энэ үйл ажиллагаанд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.
Мөн тэргүүн хамба лам тус тэнхимд суралцаж буй оюутнуудын төлөөлөл болон Будапешт хотод амьдарч буй монголчуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариулан харилцан яриа өрнүүлэв. Уулзалтын үеэр тэргүүн хамба лам эх орныхоо ирээдүй болсон залууст хандан:
“Эрүүл байх нь эрдэм номд суралцахын эхлэл. Хичээл зүтгэлээр эрдмийн оргилд хүрдэг билээ” хэмээн сургамжилж, урам хайрлалаа.
“НОМЫН ҮҮД” КОЛЛЕЖИД ЗОЧЛОВ.
Отвөш Лорандын Их Сургуульд зочилсны дараагаар тэргүүн хамба лам Европт Бурханы шашны сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Номын үүд” коллежид зочиллоо.
Энэхүү коллеж нь Будапешт хотод амьдарч буй Бурханы шашныг сонирхон судлагч сүсэгтэн олонд зориулан буддын шашин судлалын чиглэлээр сургалт явуулдаг байгууллага юм. Тус коллежийн удирдлага тэргүүн хамба ламд Монголын Бурхан Шашны Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Тэргүүн хамба ламын Европ дахь айлчлал нь Монголын Бурханы шашны судалгаа, сургаалыг олон улсад таниулж, цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээж байгаа чухал үйл явдал болж байна.