АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп баасан гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярих үеэрээ хоёр улсын худалдааны харилцаа, Тайванийн эргэн тойрон дахь нөхцөл байдал, "TikTok" нийгмийн сүлжээтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.
"Бид хамтдаа олон асуудлыг даруй шийднэ гэж найдаж байна. Бид тэнцвэртэй худалдаа, фентанил, "TikTok"-той холбоотой асуудлууд болон бусад олон сэдвээр ярилцлаа. Ерөнхийлөгч Ши бид хоёр дэлхий ертөнцийг илүү тайван, илүү аюулгүй болгохын тулд чадах бүхнээ хийх болно!" гэж Д.Трамп “Truth Social” олон нийтийн сүлжээнд бичжээ.
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдсоноосоо хойш Ши Жиньпинтэй анх удаа утсаар ярьсан нь энэ юм.
АНУ, Хятадын харилцаанд хэд хэдэн хурцадмал асуудал үүсээд байгаа билээ. Өөрийн “TikTok” платформыг худалдахыг Хятадын “ByteDance” компаниас шаардсан хуулийг түр хориглох тухай компанийн хүсэлтийг АНУ-ын Дээд шүүх баасан гарагт хэрэгсэхгүй болгосон байна. “TikTok”-ийг эзэмшигч тус компани хувьцааныхаа хяналтын багцыг худалдахгүй бол сүлжээг үндэсний аюулгүй байдлын үүднээс АНУ-д хэрэглэхийг хориглох тухай уг хууль нэгдүгээр сарын 19-ний ням гаргаас хэрэгжиж эхлэх юм.
Д.Трамптай утсаар ярих үеэрээ Ши Жиньпин Тайванийн талаарх Бээжингийн байр суурийг дахин илэрхийлжээ. Ши Жиньпин мөн Америк, Хятад улсууд санал зөрөлдөөнтэй байгаа ч гэсэн ихэнх тохиолдолд бие биенийхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэдэг гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь Д.Трамп Америкийн бүх төрлийн импортын бараанд 10 хувийн татвар, Хятадаас экспортолж буй бараанд 60 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн юм. Тэрбээр Хятад улстай харилцаагаа сайжруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.