Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ираны төрийн тэргүүн Масуд Пезешкиан нар хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох тухай гэрээнд Москва хотноо баасан гарагт гарын үсэг зуржээ.   

Энэхүү гэрээ нь "батлан ​​ хамгаалах, терроризмтой тэмцэх, эрчим хүч, санхүү, тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, шинжлэх ухаан, технологи зэрэг бүх салбарыг хамарна" гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлсэн байна.

Ирэх 20 жилийн хугацаанд хоёр улсын хамтын ажиллагааг бүх чухал салбарт зохицуулах тухай уг баримт бичиг нь 47 заалттай гэж Оросын хэвлэлүүд өмнө нь Москвад суугаа Ираны Элчин сайд Казем Жалалын мэдээлснийг эш татан бичжээ. К.Жалалигийн хэлснээр, баримт бичгийг байгуулснаар Иран улс “ямар нэгэн эвсэлд” нэгдэнэ гэсэн үг биш юм.  Түүнчлэн тус улсын Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэлэхдээ, гэрээнд батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах талуудыг тусгасан ба цэргийн эвсэл байгуулах талаар тусгаагүй гэжээ.

Гэрээний эх бичвэрийг албан ёсоор нийтлээгүй боловч Орос, Ираны албаны хүмүүсийн мэдэгдлээс харахад, Орос-Ираны хамтын ажиллагааны гол заалтуудын нэг бол харилцан зэвсэг нийлүүлэх юм. Үүнээс өмнө хоёр талын харилцааг 2001 онд байгуулсан харилцааны үндэс, хамтын ажиллагааны зарчмын тухай хэлэлцээрээр албан ёсоор баталгаажуулж, таван жил тутамд автоматаар сунгагддаг байв.

М.Пезешкианыг Москвад айлчлахын өмнө Ираны дээд удирдагчийн зөвлөх Али Ларижани Орост ирж, “Ираны цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх, мөн агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэхэд ОХУ-аас туслалцаа үзүүлэх талаар нууц уулзалтууд хийсэн байж магадгүй” гэж “The Times” сонинд бичжээ. Ираны пуужин, нисгэгчгүй онгоцноос хамааралтай болоод байгаа Орос улс Техраны цөмийн амбицыг дэмжих тал дээр хөдөлж магадгүй гэж тагнуулын багууллага дахь тус сонины эх сурвалжууд ярьсан байна. 

Таны сурталчилгаа