Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг, нэр бүхий УИХ-ын гишүүдийн санаачилсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан зарим асуудлыг үндэслэн, хуулийн төслөө боловсруулсан талаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Хуулийн төсөлд ямар ч асуудлаар жагсаал, цуглаан хийж болохоор нээлттэй байх, аяндаа бий болсон жагсаалыг мэдэгдэл хүргүүлсэн жагсаалын адил хүлээн зөвшөөрөх, бүртгүүлэх нэртэй боловч зөвшөөрөл авдаг тогтолцоог халж, мэдэгдэл хүлээн авах, хариу өгөх, хууль бус жагсаал, цуглааныг албан тараах эрх бүхий этгээд нь Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтан байгааг цагдаагийн байгууллага, тухайн шатны Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр өөрчлөх, жагсаал, цуглааныг сурвалжлах, мэдээлэх эрхэд хязгаарлалт тавихгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Мөн хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа. Тус хуулийн төсөлд нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн туслалцааны төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өмгөөлөгчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг энэ чиглэлд уялдуулан зохицуулах замаар Хууль зүйн туслалцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан Өмгөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг боловсруулсан байна. Түүнчлэн, баривчлах шийтгэлийг оногдуулахгүй байх этгээдийн хүрээ хязгаарыг иргэдийн зүй ёсны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлэх, хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах баривчлах шийтгэлийг цөөрүүлэх, Улсын Их Хурлаас баталсан зарим хуультай холбогдуулан зөрчилд тооцох үйлдлүүдийг шинээр тусгах зэрэг зохицуулалт бүхий Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг багтаажээ. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад бий болдог хүндрэл, чирэгдлийг багасгах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх зэргийг зохицуулах бүхий Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж буйг тодотголоо.