Цаг үеийн мэдээ

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын сүүлчийн тоглолт өнөөдөр болно.

АПЭС-ын залуус “Уурхайчид”-ыг, “Завхан Бродерс”-ынхан “Сэлэнгэ Бодонс”-тай тоглосноор энэ улирлыг хаах юм. Улмаар энэ сарын 9-ний ням гарагаас плей-оффын тоглолтууд эхэлнэ. “Хүлэгүүд” 19 хожил, найман хожигдолтойгоор улирлыг тэргүүллээ. Тэд өнөөдрийн тоглолтоос шалтгаалан “Уурхайчид”, “Дархан Юнайтед”-ын аль нэгтэй нь плей-оффт таарах юм. Тэгвэл “Бишрэлт Металл” долоо дараалсан хожлынхоо ачаар улирлыг хоёрдугаар байраар өндөрлүүлж байгаа бөгөөд мөн л өнөөдрийн тоглолтын үр дүнгээс шалтгаалан өрсөлдөгч нь тодорно.

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн лигийн аваргын төлөөх цувралын ээлжит тоглолт өнөөдөр болно. “Омни Хүлэгүүд”-ийн бүсгүйчүүд “Улаанбаатар Амазонс”-той хоёр дахь жилдээ финалд таарч байгаа бөгөөд цуврал 2:2 байгаа юм. Тиймээс өнөөдөр хожсон нь аваргын цом өргөхөд нэг алхам ойртоно. 

Таны сурталчилгаа