Цаг үеийн мэдээ

Сар шинийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 01-нээс 06-ныг хүртэлх 5 хоногийн хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1979  иргэн тусламж үйлчилгээ авчээ. Нийт үйлчлүүлэгчдийн 690 /34.9%/ нь 0-18 насны хүүхэд байна. 

Осол гэмтлийн дийлэнх шалтгааныг халтирах, тээглэх, бүдрэх болон шат гишгүүр, бусад зүйлээс унаж бэртэх тохиолдол эзэлж буй бөгөөд нийт тохиолдлын 856 /43.3%/ иргэн уг шалтгаанаар эмнэлэгт ханджээ. 

Түүнчлэн ахуйн хүрээний осол гэмтэл буюу хутга мэс, шил шаазан зэрэг амьгүй механик хүчин зүйлд өртсөн 357 /18.0%/, зам тээврийн осолд өртсөн 274 /13.8%/, архидан согтуурах болон бусад шалтгааны улмаас зодоон цохион гэх мэт хүчирхийлэлд өртсөн 152 /7.7%, нохой муур, морь малд хазуулах зэрэг амьд механик хүчин зүйлд өртсөн 164 /8.3%/, түлэгдэж гэмтсэн 94 /4.7%, осголт хөлдөлтийн байдалтай 6 /0.3%, бусад шалтгааны улмаас бэртэж гэмтсэн 76 /3.8%/ хүн тусламж үйлчилгээ авчээ. 

Нийт иргэдийн 274 /13.8%/ нь бэртэж гэмтэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Төв болон салбар эмнэлгийн хэмжээнд нийт 81 эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай үзүүлсэн байна.

Мөн Амбулаторийн тасаг баярын өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу ажилласан бөгөөд өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй юм. 

 

Таны сурталчилгаа