Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явц, Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, сар шинийн өдрүүдийн нийтийн тээврийн зорчигч тээвэрлэлт болон инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хэрхэн хангаж ажилласан талаар хэлэлцлээ.

Инженер хангамжийн байгууллагууд хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 5-ны өдрүүдэд байгууллага дээрээ “хариуцлагатай жижүүрийн график”  гарган ажилласан. Сар шинийн баярын өдрүүдэд инженер хангамжийн чиглэлээр өдөрт нэг гэмтэл гарсан бол өвлийн улиралд дунджаар 2-3 гэмтэл гардаг байна. Мөн баярын өдрүүдэд байгууллагуудтай холбоотой 28 гомдол ирснийг 100 хувь  барагдууллаа.

Гуравдугаар сарын 1, 4-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт орсон цас цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн 16.7 сая ам.метр гудамж, талбайд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний нийт 36 байгууллагын 1200 зам талбайн үйлчлэгч 360 зам цэвэрлэгээний тусгай зориулалтын машин, техниктэй ажиллаж, зам талбайг цэвэрлэлээ. Зам талбайн цэвэрлэгээний үеэр 424 тонн давс, 564 тонн бодис зарцууллаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2790 тонн давс, 5138.2 тонн бодисын үлдэгдэлтэй байна.

Таны сурталчилгаа