Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг нөхөн сэргээх Үжин төвийг үүсгэн байгуулагч, Хүүхэд хамгаалал-Хамтарсан багийн үндэсний сургагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа.
-Үжин төвд яг одоогийн байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хичнээн хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Манай хүүхдийн эрх хамгааллын “Үжин төв” 2009 онд байгуулагдсан. Түүнээс хойш бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод өдөр тутам нийгэм, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлж ирсэн. 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ноос эхлэн бид бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг 1-3 жилийн хугацаанд үнэ төлбөргүй байршуулан, бүх шатны шүүх хурал дуустал эрүүл мэнд, сэтгэл заслын зөвлөгөө, боловсрол, нийгмийн халамж, бичиг баримтжуулах зэрэг 12 төрлийн цогц үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.
2018 оноос хойш насанд хүрээгүй 350 гаруй хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлээд байна. 2025 оны байдлаар бид гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүүхдээ дагуулсан эхчүүд болон орон гэргүй иргэдийг ч хүлээн авч хамгаалж байна. Дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ онд 50 гаруй охид, эмэгтэйчүүдэд урт хугацааны нийгэм, сэтгэлзүйн тусламж үзүүлээд байна. Мөн өмгөөлөл, эрх зүйн зөвлөгөө, туслалцааг ч давхар үзүүлдэг.
Хэдийгээр 2019 оноос хойш хүүхэд хамгааллын зардал улсын төсөвт туссан ч улсаас бид ямар ч дэмжлэг, санхүүжилт авч байгаагүй, өөрсдийн бололцоогоор л үйл ажиллагаагаа явуулж байна. 2025 оноос хойш миний бие нийт 54 суманд ажиллаж, хүүхэд хамгааллын шинэ хуулийн хэрэгжилт ямар байгааг газар дээр нь шалгасан. Шинээр томилогдсон хүүхэд хамгааллын ажилтнууд ажлаа хийж чадаж байна уу, Засаг дарга нар тоног төхөөрөмж, байраар хангаж чадаж байна уу гэдэгт бодит үнэлгээ өгсөн.
-2018 оноос хойш 350 гаруй хүнд тусламж үзүүлсэн гэлээ. Тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллах явцад амиа хорлох тохиолдол гарч байсан уу? Ийм хүнд асуудал тулгарахад хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Энэ жил нийслэлийн нэг дүүрэгт бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэх явцад сэтгэл зүйч, цагдаагийн байгууллагын мөрдөн байцаагч нарын үйл ажиллагаанд алдаа гарсан. Үүний улмаас хохирогч хүүхэд давхар сэтгэл зүйн дарамтад орж, амиа хорлосон харамсалтай тохиолдол гарсан.
Монгол Улсад амиа хорлолт, тэр дундаа өсвөр насныхны дундах амиа хорлолт ноцтой түвшинд байна. Ихэнх нь хөвгүүд байдаг. 2023 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтран ЕБС дахь хүүхэд хамгааллын нөхцөл байдлын талаар томоохон судалгаа хийсэн. Судалгаагаар:
-
4 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох бодол тээдэг
-
5 хүүхэд тутмын 1 нь боловсролын орчинд хүчирхийлэл, дээрэлхэлтэд өртдөг
-
13 настай хүүхдүүдийн дунд тамхи, архи, электрон тамхи хэрэглээ нэмэгдэж, нас нь улам залуужсан гэсэн дүгнэлт гарсан.
Ийм нөхцөлд Монгол Улсад гэр бүл, хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан зайлшгүй шаардлагатай байна.
-Таны ярианаас харахад хилээр хүүхдийг хууль бусаар гаргасан тохиолдол ч байна гэж ойлголоо...
-Тийм ээ. Сүхбаатар аймагт нэгэн хүүхдийг хуурамч итгэмжлэлээр хилийн чанадад гаргасан хэрэг бүртгэгдсэн. Тухайн хүүхэд хоёр хоногийн дараа нас барсан эмгэнэлтэй кэйс гарсан. Мөн зуны улиралд хурдан морины уралдаанд оролцуулах нэрийдлээр хүүхэд, залуусыг хилийн бүсээр гаргаж байна. Гэвч хилийн шалган нэвтрүүлэх хэлтэс хүүхдийг нэг талын зөвшөөрлөөр хил нэвтрүүлж байгаад хяналт сул байна.
Эцэст нь хэлэхэд, гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудын төсөв, хүний нөөцийг битгий хас. Харин ч ажлаа хийж чадахгүй байгаа, хэрэгцээгүй агентлагуудыг татан буулгаж, бодитоор ажиллаж байгаа байгууллагуудаа дэмжмээр байна гэж хэлмээр байна.