“Ноён солиот” киноны Паанаг, “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Есөн хуруут Базар, “Салхи Дамбий” теле зохиомжийн гол дүр, Монгол Улсын гавьяат жүжигчин Дамбын Бямбацогттой ярилцлаа. Тэрбээр дөнгөж өчигдөрхөн Гавьяат хэмээх цолыг хүртэж, Клеопатра жүжгийн Потины дүрд тоглож, хэсэг завсарлах үеэр нь ярилцсан юм.
Нэг л тийм сэтгэл дүүрэн, тааралдсан хүн болгон баяр хүргэж, таних танихгүй хамаагүй тэвэрч аваад бахархах харцаар харж байгааг нь ажаад өөрийн эрхгүй “Ард түмний гавьяат” гэдэг нь энэ л байхдаа хэмээн бодож байлаа.

-Юуны өмнө танд Гавьяат хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэнд баяр хүргэе...
-Баярлалаа. Өнөөдөр /өчигдөр/ нэлээд ачаалалтай өдөр байлаа. УДБЭТ-т Клеопатра жүжиг тоглогдож байгаа. Сая би өөрийнхөө хэсэгт орчхоод түр амсхийгээд сууж байна. Яг энэ мөчид ойрын хэд хоног нэлээд ядрах шинжтэй юм болов уу даа гэж бодогдож байна.
-Үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийн харц, бахархаж байгаа тэр сэтгэл нь мэдрэгдээд байгаа ч юм шиг нэг тийм өөр өөрөөрөө бахархах сэтгэл ч юм шиг ер бусын эрч хүч танаас мэдрэгдэж арай ондоо харагдлаа. Танд харин юу мэдрэгдэж байх юм?
-/инээв/ Урлагт дуртай, театр, киног шимтэн үздэг үзэгчид маань, намайг үздэг үзэгчид маань энэ шагналыг аваасай гэж хүсэж байсан. Би хатуухан хэлж л байсан л даа. За яах вэ. Би санаа зовоогүй байхад тэрэнд санаа зовоод яах юм бэ гэж. Одоо эргээд бодоход миний төлөө биш уран бүтээлийн чанар чансаа гэх юм уу, миний тодорхой хэмжээнд ажилласан хугацаанд ч бас биш ерөнхийдөө миний бүтээсэн дүрүүд, тэр дүрүүдийг бүтээх ур чадварт нь өгсөн үнэлгээ юм болов уу гэж бодогдох болсон. Тийм учраас өнөөдөр надтай хамт байсан олон үзэгчид маань баярлаж байгаа байх гэж бодож байна. Та бүхнийхээ итгэл, хайр, хүндэтгэлийг би бас сүүлийн үед маш хүчтэй мэдэрлээ. Цаашдаа уран бүтээл хийх урам зориг, онгод эрч хүчийг улам их оргилуулж байгаа шүү гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Одоо бол цааш улам сайхан бүтээл хийхийг эрмэлзэж байна. Нэг ёсондоо “алаад өгнө өө” гэж бодогдож байгаагаа хэлэх нь зөв болов уу.

-Монгол Улсын гавьяат жүжигчин цол авахаа хэзээ хэрхэн яаж мэдэв?
-Ер нь энэ талаар огт мэдээлэлгүй байсан. Өчигдөр /долдугаар сарын 7-ны өдөр/ бичиг хэргийн дэлгүүрт хүүхдийн ном, дэвтэр хайгаад явж байтал над руу манай найз утасдсан юм.
Хүүш чи гавьяат авах гэж байгаа юм биш үү?
Юу яриад байгаа юм бэ гээд тухайн үедээ тоглож л байна гэж бодсон.
Үгүй ээ. Чамайг гавьяат авна гээд байна шүү дээ.
За мэдэхгүй ээ. Авсан хойно нь л авлаа гэе гээд тоглоод өнгөрөхгүй юу. Тэгсэн төд удалгүй Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна гэж утасдаад “Маргааш та шагнал авах нь ээ. Та тэдэн цагт бэлэн байгаарай” гэсэн. Тэгээд л шок. Яаа гайхаад...
-Сандарсан уу?
-Сандралгүй яах вэ. Оволзоод л гэртээ очлоо. Гэрийнхэндээ хэллээ. Юу өмсөх вэ. Яах вэ гээд л бөөн юм болсон. Ийм сайхан зуны дэлгэр цаг, баяр наадмын үеэр авч байгаа юм чинь монгол хувцастайгаа очъё гэж шийдээд л, дээлээ өмсөөд Төрийнхөө ордон руу очсон доо.
-Ерөнхийлөгч танд шагнал гардуулах үеэрээ юу гэж хэлэв?
-Ерөнхийлөгч шагналыг минь зүүж байхдаа “За баяр хүргэе Бямбацогт оо. Чиний уран бүтээл, чиний дүрээр ард түмэн бахархаж байна шүү. Улам илүү хичээгээрэй” гэсэн. Би “Хичээнэ ээ” гэж хариулсан.
-Та шагналаа гардаж аваад гарч ирэхдээ Ноён солиот киноныхоо Паанагийнхаа дүрээр хун цагаан машиндаа суугаад даллаад явсан даа?
-Тийм. Тэр чинь бороон дунд зураг хөрөг, сельфи гээд цэцэг энэ тэр болоод бужигнаж, бужигнаж жаахан шингэрлээ гэсэн манай Монгол театрын найруулагч Чингүүн “За Бяагий ахаа одоо ийшээ явна аа” гээд л дагуулаад явсан. "За та ийшээ сууна шүү" гээд цагаан машин зогсчихсон. Тэр мөчид яг тэр киноны текст орж ирсэн. "За тэр хараагүй юу? Хун шиг цагаан машин ирж авна аа гэж би хэлээгүй юу" гээд суусан. Бид бөөнөөрөө хөгжилдөөд өнгөрсөн болохоос биш цагаан машин ирж намайг авна гэж ер бодоогүй байсан.
-Та их сэтгэл хөдлөлтэй, баяртай байх шиг харагдсан?
-Тийм. Их хөөрчихсөн сүүлдээ малгайгаа аваад Паанагийн “Би явлаа хүмүүсээ” гэдгийг хийсэн шүү дээ. /инээв/

-Хоёулаа үндсэн ярилцлагаа руугаа оръё. Та анх урлагтай яаж холбогдсон юм бэ. Таны түүхээс ярилцлагаа эхлэх нь зөв болов уу?
-Их сонин шүү дээ. Улсын багшийн Кино драмын ангид 1988 онд элсэж ороод, 1992 онд СУИС-ийн төгсөгч болсон. Тэр хооронд өөрчлөлтөд ороод, биеэ даасан соёлын сургууль болж Кино жүжигчний ангийг төгссөн. Төгсөөд би Багануур явсан юм. Тэнд 7-8 жил болсон. Тухайн үед нийгмийн тодорхой хэмжээний хүнд хэцүү үе байсан л даа. Үе солигдож зах зээл рүү шилжиж байгаа шилжилт, нийгмийн уур амьсгал их хүнд. Картын системд орчихсон. Хүмүүс юун уран бүтээл үзэх манатай. Хоол унд картын бараагаар өгдөг болохоор ходоод нь илүү эрэлттэй байсан. Багануурт өнгөрүүлсэн хугацаанд их зүйл сурсан. Тиймээс ч уран бүтээлийнхээ замыг нэлээд орой эхлүүлсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирж, УДЭТ-т ажиллаад гурван жил орчим болж байтал хамгийн анхны киноны санал Зүрхэнд шивнэсэн үг кино байсан л даа. Энэ кинонд нэлээд сууж ажилласан. Энэ дүр дээрээ судалгаа хийж, дүрийнхээ өсөлт хөгжил дээр оюутан байх үеийнхээ зүйлүүдийг сэргээн санаж дүрдээ шингээсэн. Тухайн үедээ сайн болох, муу болох тухай ерөөсөө бодоогүй л дээ. Камерын өмнө ч анх удаа гарсан. Ямар болсон болдоо л гэж бодогдож байлаа. Тэгээд киноны нээлтийг манай Ардын жүжигчин Жамсранжав гуай ирж үзчихээд, кино дууссаны дараа намайг тэрүүхэн тийш булан руу аваачаад “За миний хүү энэ чинь овоо дүр болох дөхсөн байна шүү” гэж хэлсэн. Тэр үгнээс би маш их урам авсан. Тэгээд дараа нь “Ноён солиот”-д тоглосон. Тэгэхээр карьераа нэлээд орой эхэлсэн байгаа юм. Улс орны ороо бусгаа нийгмийн шилжилтийн цаг үе байсан учраас. Гэхдээ би харамсдаггүй. Кинотой тэгж л анх уулзсан. МУГЖ, найруулагч Осорын Бат-Өлзий ах надад маш их дэмжлэг, маш их дэм, нөмөр нөөлөг болж намайг кино урлаг руу хөл тавихад их дэм үзүүлсэн. Энэ хүнд би маш их баярлаж явах ёстой. Намайг кинотой учруулсан хүн О.Бат-Өлзий ах байхгүй юу. Өөрөө анхны Зүрхэнд шивнэсэн үг киногоо хийж байхдаа намайг нэгдүгээр найруулагчаар аваад, бас давхар Мухар Базарын дүрийг өгч, өндөр итгэл найдвар хүлээлгэж энэ бүтээлийг хийсэн. Тэр нь аятайхан болоод дараагийн бүтээл Ноён солиот руу хамтран орсон. Zaya SH студийн Даваахай, Даваадорж бид цуг орсон. Тэр эрч хүчээрээ орсон болоод ч тэр үү, бас нэг жаахан итгэл зориг орчихсон, камерын өмнө ч гэх юм уу даа. Тэгээд энэ бүтээл гарсан.
-Салхи Дамбий таны бас нэгэн нэр болсон байх аа?
-Тийм шүү. Хүмүүс намайг Салхи Дамбий гэж их дууддаг. Салхи Дамбийгийн тухайд Ноён солиотоос хойхно доо. Салхи Дамбий өөрөө онцлогтой. Телевизийн зохиомж. 20-30-аад минутын теле зохиомж. Дамбийгийн анхны зохиомжид тоглож байхдаа би тэгж дүр болоод монголын ард түмний сэтгэлд ойрхон дүр болж хүрнэ гэж тухайн үедээ огт төсөөлөөгүй. Ямар ч байсан тухайн зохиомж инээдмийн өнгө аястай, улсын баяр наадмын цаг үед хийгдэж байсан зохиомж болоод ч тэр үү хүмүүст хүрсэн байх. Зохиол нь их хөөрхөн байсан. Анх чинь “Аваргын эмээл” гэдэг нэртэй зохиол байсан юм. Сүүлд нь Салхи Дамбий болсон.

-Та түүн дээр яг өөрийнхөөрөө “Ямар уудам юм бэ Монголын тал нутаг...” гээд л дуулдаг даа?
-Зураг авалт Төв аймгийн Алтанбулаг сумд хийгдсэн. Санамсаргүй зураг авалт завсарлаад гэрийн сүүдэрт суугаад, хоол унд идэж байхдаа л жаахан маазрах маягтай Б.Шарав гуайн Монголын тал нутаг гэдэг дуу орж ирээд уртын дууны хэв маяг оруулж дуулсан. Тухайн үед зургийн дарга манай Сараа эгч байсан. МУУГЗ, зохиолч Б.Сарантуяа эгч, мөн тэнд байсан хүмүүс “Наадхаа ер нь чи Дамбийгийнхаа дуу болго” гээд “Болох юм уу?” гэсэн “Болно” гэсэн. Тэгээд л телевизэд очиж хоолой бичүүлсэн. Түүндээ урамшсан уу, сэтгэл өөдрөг болоод Салхи Дамбийг 7-8 анги хийсэн байх аа. Тухайн үед завсарлаад л Багануур, хөдөө гадаа гэж явсаар гэнэт нэг уран бүтээлийн боломж гарч ирсэн үе болоод тэр юм уу, би эдгээр бүтээлүүддээ нэлээд эрч хүчтэй ажилласан юм шиг байна лээ. Одоо эргээд бодоход. Өдий болтол намайг дэмжсэн үзэгч олон маань энэ дүрүүдээр минь үзэж хүндэлж, хайрлаж хүндэлдэгт би урлагийн тэнгэртээ баярлаж явдаг юм.
-Таныг Багануурт байх үед О.Бат-Өлзий ах очиж үзсэн хэрэг үү. Тэгээд л тэндээс нэг юм олж харж дээ?
-О.Бат-Өлзий ахын хувьд миний дипломын ажлыг хараад л энэ залуутай хамтарч ажиллая гэж бодсон юм шиг байгаа юм.

-Нэг хэсэг Драмын театрт ажилласан шүү дээ. Тэр үеийн дурсамж их байх?
-Тийм. Драмын театрт 1999 онд ороод гурван сар дагалдан, туслах маягаар ажиллаж байгаад жинхлэгдсэн. 2007 он хүртэл ажилласан. Драмын театрт ажиллахдаа Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Гомбосүрэн гуай тухайн үед тайлан тоглолтоо хийгээд амьд сэрүүн байхад нь цуг ажиллаж явлаа. Дорлигжав ах байсан. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Мэндбаяр эгч минь, хань Цэрэндагва ах минь гээд эдгээр хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Театрын этик, ёс зүй, мэргэжлийн уран бүтээлч болж төлөвших цаг үе минь тэр жилүүдэд тохиосон.
-Театрын урлагаас хэсэг завсарласан уу?
-Завсарлах ч юу байх вэ. Жижиг хошин шогийн үзүүлбэр, үзвэрт орж үзэгчидтэйгээ байнга холбоотой байсан. Арга хэмжээ хөтлөх, хурим найр хөтлөх гэх мэтээр үзэгчидтэйгээ ойрхон байсан.
-Клеопатрагийн Потины дүрд хэрхэн сонгогдов?
-Театрын уран бүтээл киноноос арай өөр. Монгол театрын анхны уран бүтээл. Энэ залуучууд нэгдээд шинээр гарч ирж, дэлхийн хэмжээний уран бүтээлийг барьж авч хийсэн. Энэ том ажил, энэ том ачааг хамт үүрэлцээд, дүү нараа дэмжиж Клеопатра анхны жүжигт нь орсондоо би бас их баярлаж байгаа. Потины дүрд бас хуучны юмаа сэргээж ажилласан. Дуурийн театрт жүжиг маань тоглоод өнөө маргаашгүй өндөрлөх гэж байна. Дүр минь үзэгчдэд тодорхой хэмжээнд хүрч байгаа болов уу гэж бодож байна. Хүмүүс их баяр хүргэж байгаа. Театр бол амьд харилцаатай урлаг. Дүр минь үзэгчидтэйгээ амьд харилцаанд орохоор улам ирээдүйтэй, эрчимтэй, шаталттай гоё байна. Би ер нь багын л хөөрүү хүүхэд байсан л даа. Олон хүн харахаар хөөрөөд байдаг. /инээв/ Агсам морь шиг. Үзэгчидтэй амьд харилцаанд орохоор дүрийн текст, партнёртойгоо харилцаад явж байхад гоё мэдрэмж авдаг.
-Паанагийн дүрд хэрхэн сонгогдсон юм бэ. Дүр болгон л түүхтэй байх даа?
-Тэр дүр над дээр анх байгаагүй. Тэр дүрд өөр хүн тоглох байсан. Би тухайн киноны нэгдүгээр найруулагчаар ажиллах байсан. Ерөнхий найруулагч О.Бат-Өлзий ахтай зохиол дээрээ ярилцана. 2-3 удаа зохиолчид нь аваачиж өгч, буцаагаад засвар хийлгээд, дунд нь би гүйдэг. Зохиол дээрээ нэлээд суусан. Би зохиолоо сайн мэдэж байсан. Тэгээд тухайн үед өөр хүн тоглох гэж байсан. Тэгтэл Паанагт тоглох байсан хүнд гэнэтийн хүндэтгэх шалтгаан гараад, орон нутагт хөдөө байдаг хүн. Гарцаагүй явах хэрэг болоод явчихсан. Явангуут нь камер, бүх техник хэрэгсэл нь түрээсэлнэ гээд гэрээ хийгдчихсэн. Өдөр хоног өнгөрөөд байдаг. Зургийн дарга Сараа эгч, найруулагч Бат-Өлзий ах хүндхэн байдалд орсон байх л даа. Тэгээд л найруулагч О.Бат-Өлзий ах шийдсэн байх. “Чи жүжигчин хүн. Чи тогло” гэсэн. “Айн, би юу” гэж гайхаад, "Бидэнд хүлээх хугацаа алга. Чи тогло" гэсэн. Тухайн үедээ би айж байсан. Тэгээд яах вэ. Мэргэжлийг нь эзэмшээд ромбо, дипломоо авчихсан, жүжигчин хүн чинь тоглоод үзсэн ч яах вэ дээ гэсэн бодол намайг хөтлөөд тэгээд л орсон доо.
-Тухайн үед та энэ дүрээрээ овоглогдох юм гэж төсөөлж байв уу?
-Үгүй ээ. Ер нь ямар ч уран бүтээлд орсон үзэгчид хүлээж аваад, яаж дүгнэх вэ гэдэг чинь л үр дүн шүү дээ. Сайн, муугийн тухайд кино янз бүр л байдаг. Энэ кино өнөөдрийг хүртэл гараад, үзэгчид ач холбогдол өгөөд, намайг бас Ноён солиот гэж нэрлээд байхыг бодоход үзэгчдэд нэлээд ойрхон хүрсэн дүр юм болов уу, үзэгчдэд дөхсөн кино болсон юм болов уу гэж бодоод байгаа. Сонин юм байна лээ. Өнөөдрийг хүртэл кино маань гараад, залуучууд youtube-д киноны маань талаар ярилцаад байхаар би бас баярлаж л явдаг юм. Тэгээд л нөгөө Янжинлхам бурхандаа гялайлаа. Урлагийн тэнгэртээ баярлалаа гээд л залбирч явна. Өөрийнхөө бүтээлтэй 21, 22 жил цуг байна гэдэг миний хувьд бахархам зүйл юм даа гэж уран бүтээлчийн хувьд бодож сууна.
-Паанагийн дүрийг тань өнөөдрийн үйл явдалтай харьцуулсан зураг цахим орчинд тавигдсан байна лээ. Яг л таны хүү харагдана лээ?
-Тийм. Миний хүү чинь намайг өвчсөн юм шиг адилхан. Миний залуу насны дүрд тоглоод байгаа шүү дээ. Яг л миний залуу нас. Үгүй ээ, тэгээд миний хүү юм чинь адилхан байхгүй яах вэ дээ. /инээв/

-Хүүгээ жүжигчин болно гэхэд хэрхэн хүлээж авав?
-Хүлээж аваагүй шүү дээ.
-Яагаад?
-Яах юм бэ. Би өөрөө жүжигчний амьдралыг хөөгөөд, тэрний оронд ганзагын наймаа хийгээд, бизнесмен болсон бол илүү ашигтай байсан. Тухайн үед хүмүүсийг хараад байхад ганзагын наймаа хийж, энд тэнд бизнес хийгээд, компани байгуулаад, дэлгүүр хоршоо нээгээд, тохиролцооны дэлгүүр энэ тэр гээд л. Тэрний оронд наймаа хөөвөл урлаг хөөснөөс арай илүү байх болов уу гэж бодсон юм шиг байна лээ. Ер нь тийм байсан л даа. Тухайн үед театр хүнд байсан. Хүмүүс чинь театр гэхээс илүү амьдрал ахуй, хоол хүнс рүүгээ анхаарч байсан үе болохоор. Хүүгээ би жүжигчин болох хэрэггүй, дэмий юм шүү л гэдэг байсан. Тэгээд харин намайг гадагшаа кино зураг авалтад явчихсан байхад араар нь шалгалт өгөөд орчихсон байсан. Би одоо яах вэ дээ. Өөрөө мэдэж дээ л гэж бодсон.
-Таван жүжигчний хүүхдүүд ээж аавтайгаа нийлж кино хийсэн дээ. Хэн санааг нь гаргаж, хэрхэн бүтсэн түүхтэй вэ?
-Манай ангийн хүү, МУГЖ Д.Хүрэлхүүгийн хийсэн Тагнуулч аав гэж кино. Дандаа аав ээжтэй нь цуг тоглуулсан. Нэг өдөр Хүрэлээ “За хөгшөөн хүүтэйгээ киноны хэдэн сценд орно шүү” гэсэн. Ангийн хүүхэд болохоор за гээд л орсон. Хэрэлдээд, хэлэлцээд л тэр кино бүтсэн. Кино хийгдэж байхад манай хүү Төв аймаг руу өвөө эмээгийнх рүүгээ яваад алга болчихсон. Тэгсэн Хүрэлээ над руу “Чи өөрөө урлагийн хүн байж хүүхдээ яаж хүмүүжүүлж байгаа юм” гэж загнаад, бид хоёр чинь түр тар гээд авсан. /инээв/ Тэр кино тухайн үедээ бас хүмүүст хөөрхөн хүрсэн.
-Та алтан үеийнхэнтэй ажиллаж үзсэн хүний хувьд залуу үеийнхэнтэйгээ хамтран ажиллахдаа сургааль номыг нь дамжуулж, зааж сургаж байна уу?
-Алтан үе, ахмадуудаасаа авч үлдсэн этик, ёс зүй бий бий. Манай алтан үеийнхэн ёс зүйг ягштал баримталдаг. Цагийг бол яг л барьдаг. Уран бүтээлд хандах хандлага, бүтээлч байдлаараа манай ахмадууд үнэхээр гайхамшигтай. Одоо болтол тийм ахмадууд байгаа. Ягштал бүх юмаа хийгээд, түүндээ бүхнээ зориулдаг, мэргэжилдээ хайртай, мэргэжлээ үнэлж хүндэлж байгаа нь, тэр ёс зүй нь миний үеийнхэнд болон залуу үеийнхэн зайлшгүй хадгалж үлдэх ёстой уламжлал гэж би боддог. Залуу үеийнхэндээ захиас, гэрээс шиг зүйл хэлэх нь юу юм. Хамтарч ажиллая бүгдээрээ. Бидэнд дутууг та нар нөх. Та нарт байхгүйг бид нөхөхийг бодъё. Бид хамтарч байж л, нэг баг болж байж энэ урлагт амьдарна. Бид хамтраад мэргэжлийн байх хэрэгтэй. Тэндээс чанар гарах ёстой. Спортынхон шиг л баймаар санагддаг. Нэгдүгээр зэргийн тамирчин, хоёрдугаар зэргийн тамирчин эсвэл Олон улсын хэмжээний мастер гэдэг шиг бид дотроо чанарын ялгаагаа цэгцлээд, лэвэл ахиад, залуучууд нь тодорхой хэмжээгээр ур чадвараа хөгжүүлээд явах хэрэгтэй. Олон улсад хэрэгжүүлдэг туршлагыг авч хэрэгжүүлэх тал дээр бид хойрго байна уу гэж би хараад байгаа. Агентлагийн хэв маяг, системээр явчихвал зах зээлтэйгээ уялдаад л явчихна. Хэрвээ тэгээд цэгцдээ орчихвол алт ухсантай адил хэмжээний уурхай л гэж би боддог.
-Үндэсний их баяр цэнгэл наадмаа хэрхэн өнгөрүүлэх вэ?
-Монголчууд чинь сайхан айргаа уугаад л, хуушуураа идээд, стадионоо тойроод, морь сур бөхөө хараад л, огшоод омогшоод, бүгд гоё хувцсаа өмсөөд наадмын настр өөрөө орчихдог шүү дээ. Наадам болж байна гээд л уртын дуу дуулаад эхлэхээр гоё байдаг шүү дээ. Энэ бол юугаар ч сольшгүй монголчууд бидний үнэт зүйл. Үүнийг монгол хүн болгон сэтгэл зүрхээрээ мэдэрдэг байх. Гоё сайхан наадах шиг сайхан зүйл хаана байна. Наадвал наадсан шиг наадах хэрэгтэй.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ярилцлагаа сайхан баяр наадмын мэндчилгээгээр өндөрлөх үү?
-Намайг энэхүү ярилцлагадаа урьж оролцуулсан танай сайтын хамт олонд талархал илэрхийлье. Наадамдаа бэлтгэж байгаа уяачид, харваачид, бөхчүүд бүгд наадамдаа цогтой хийморьтой оролцож үзэгч олон монголчуудаа баярлуулахын тулд хичээж байгаа нь мэдээж. Монголчууд минь бөхөө, морио, сураа харж, бөхчүүдийнхээ дээлийн захыг мушгиж, уухайлаад, мориныхоо зурхай дээр очиж огшоод, дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.
